Арван сумын сургуулийн дотуур байранд 120 сая төгрөгийн эд зүйлс өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Увс аймгийн 10 сумын сургуулийн дотуур байранд тус бүр нь 12 сая, нийтдээ 120 сая төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмж, ширээ сандал, хүүхдийн хөгжлийн төвд ашиглах зурагт, компьютер, принтер, угаалгын машин зэрэг цахилгаан хэрэгслүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-наас хэрэгжүүлж байгаа “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах нь” төслийн хүрээнд олгожээ.
“Сумдын сургуулиудын дотуур байрны орчин нөхцөл хангалтгүй, барилгын ашиглалт муудсан, ариун цэврийн байгууламж хүндхэн нөхцөлтэй байсан бол энэхүү төслийн хүрээнд энэ асуудлыг шийдэж байна. Үүнээс гадна уг төслөөс 10 сумын дотуур байранд 71,6 сая төгрөгийн ном, сургалтын хэрэглэгдэхүүн, спортын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг нийлүүлсэн. Мөн тухайн сумдын сургуулийн захирал, эмч, дотуур байрны багш, тогооч, нярав, нягтлан, үйлчлэгч гэх мэт 350 гаруй хүнийг чадавхжуулах сургалтад хамруулаад байсан. Тэгвэл энэ удаад дотуур байранд ашиглагдах гал тогооны тоног төхөөрөмж, ширээ сандал, зурагт, компьютер гээд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангаж байгаад маш их баяртай байна” хэмээн аймгийн БСУГ-ын дарга С.Дашням хэллээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-наас хэрэгжүүлж байгаа “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах нь” төслийн хүрээнд Увс аймгийн 10 сумын ЕБС-ийн дотуур байрыг засварлах, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах ажил үе шаттай хийгдэж байгаа юм. Энэ хүрээнд дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах зорилгоор энэ жил 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Тэс, Тариалан, Өлгий, Бөхмөрөн, Сагил, Өндөрхангай сумдын сургуулийн дотуур байрны засварын ажил хийгдэж 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.