“Монголын нууц товчоог ” таниулах авьяас, чадварын тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-07 15:38:07

Ховд/МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдрийг угтаr Ховд Их Сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн дэргэдэх “Тод түүх” ТББ-аас “Үндэсний бахархал-Монголын нууц товчоо” сэдэвт мэдлэг авъяас чадварын тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутнууд оролцож,монголын ёс заншил, соёл, Монголын нууц товчооны талаарх мэдлэг, авьяас чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээнд Түүх нийгмийн ухааны ангийн “Хөсөгтөн”, Хэл уран зохиолын ангийн “Босоо бичигтэн”, Эрхзүйн ангийн “Монголжин”, “Язгуур урлаг”, Биеийн тамирын ангийн хамтарсан “Эзэнт Монгол” зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн баг оролцлоо.

Тус тэмцээн нь багуудын мэндчилгээ, “Морины нүүдэл” асуулт хариултын тэмцээн, уран уншлага, урлагийн үзүүлбэр, Монгол үндэсний тоглоом тоглох тэмцээн болон “Монголын нууц товчоонд дүрсэлсэн хүний сайхан чанарууд” сэдэвт уран илтгэлийн тэмцээн зэргээс бүрджээ.

Энэхүү тэмцээний гол зорилго нь Монголчуудын бичиг соёлын гайхамшигт өв болох Монголын нууц товчоо сурвалжийг оюутан залуучуудад уншуулж танилцуулах, “Монголын нууц товчоог дээдлэх тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, сурталчлах, залуусыг үндэсний өв соёлоос суралцуулахад чиглэж байгаа юм.

 

関連ニュース