“Зика” вирустэй тэмцэхэд “Google” 1 сая доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-04 13:35:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Google” корпораци “Зика” вирусийн халдварын тархалттай тэмцэхэд 1 сая доллар хандивлана гэж тус компанийн мэдээлэлд дурджээ.

Дээрх мөнгийг НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/, мөн уг аюултай вирусийн вакциныг гарган авах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор бусад байгууллагад хандивлана гэж “Google”-ийн мэдээлэлд онцолсон байна. Тус компани мөн вирусийн талаарх бүх мэдээлэл болон манай гарагийн өнцөг булан бүрт халдварын тархалтын түвшнийг бүртгэж оруулах мэдээлэл-дүн шинжилгээний тусгай бааз бий болгоход мэргэжилтнүүдээ оролцуулна.

Үүнээс гадна, мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид тархаж болзошгүй халдварыг урьдчилан таамаглахад туслах хөтөлбөрүүд боловсруулж байгаа аж. “Үүний гол зорилго нь янз бүрийн бүс нутаг “Зика” вирусийн халдвар тархах эрсдэлийг тодорхойлох, мөн ЮНИСЕФ, цаг зав, нөөцөө зайлшгүй хандуулах шаардлагатай байгаа улс орнуудын засгийн газар, төрийн бус байгууллагад тусламж үзүүлэх юм” гэж “Google” мэдээлжээ.

Д.Жаргал

 

 

関連ニュース