Хятадын бараа бүтээгдэхүүний импортод ногдуулах татварыг нэмэгдүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-27 11:51:25

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс Хятадын бараа бүтээгдэхүүний импортод 10-25 хүртэлх хувийн нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцалж, Хятадын саналыг гүйцэлдүүлэх бодолгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулахгүй бол тус улсын 257 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна. Эрх баригчдыг сэтгэл хангалуун байлгах цор ганц хэлэлцээр нь АНУ-тай өрсөлдөх боломжийг Хятад улс нээхэд оршиж байгаа юм” гэж тэрбээр ярьсан байна.


Худалдаа, эдийн засгийн зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор Аргентинд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп Хятад улсын дарга Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийнэ. “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт Буэнос-Айрес хотод ирэх баасан гарагт эхлэх юм.


Д.Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүний импортод нэмэгдсэн татвар ногдуулсны хариуд тус улсын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд хийх айлчлалаа цуцлахад буюу өнгөрсөн 9 дүгээр сарын дундуур хоёр улсын худалдааны асуудлаархи яриа хэлэлцээ түр зогссон юм. 

関連ニュース