Башар аль-Асад болон түүний холбоотнуудад Жон Керри анхааруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /Anadolu/. Таван жил үргэлжилж байгаа Сирийн хямралыг зохицуулах зорилготой гал зогсоох дэглэмийг Башар аль-Асад болон түүний холбоотнууд дагаж мөрдөхгүй бол ноцтой үр дагавар учирна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри анхааруулав.
ЕХ-ны дипломатуудтай Парис хотод хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Жон Керри, гал зогсоох дэглэмийг бүх тал хэрэгжүүлж, хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд хамтран ажиллаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоол болон 2012 онд Женев хотод хийсэн хамтарсан мэдэгдэлд заасны дагуу Сирид улс төрийн шилжилт хөдөлгөөн хийх зорилготой хэлэлцээрийг бүгд дэмжих хэрэгтэй гэж мэдэгджээ.
АНУ, Итали, Их Британи, Германы Гадаад хэргийн сайд нар, ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх болон Ливи, Йемен, Украины байдлыг хэлэлцэхээр ням гарагт Францын нийслэл Парис хотод уулзалт хийжээ.
Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийг хамтран даргалагч ОХУ, АНУ Сирид гал зогсоох дэглэмийг хамтран санаачилсан нь хоёрдугаар сарын 26-наас хэрэгжиж эхэлсэн билээ.
Женевт болох энхийн хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Башар аль-Асадын ирээдүйг хэлэлцэхгүй гэж Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Муаллим мэдэгдсэнийг Жон Керри буруушаасан байна.
Дамаскийн хийсэн энэ мэдэгдэл нь энхийн хэлэлцээг тасалдуулах гэсэн зорилготой байгааг харуулж байна гэж тэрбээр мэдэгджээ.
Асадын дэглэмийн хүчирхийлэл, гал зогсоох дэглэмийн нэг хэсэг болсон иргэд болон оролцогч талууд руу гал нээх, бөмбөгдөлтийг зогсоох ёстой гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр, тус бүс нутгийн байдлыг тогтворжуулах энэ арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хамтран ажиллах саналыг ОХУ-д дэвшүүлсэн тухай дурдаад, НҮБ-ын хүчин чармайлтыг бид дэмжиж байгаа бөгөөд даваа гарагт энхийн хэлэлцээ үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Д.Нямтулга