АСЕМ-ын түншлэл:Вьетнамын жишээ ба Монголын боломж

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-03-21 17:24:19

Хөгжлийн түвшний хувьд манайхтай ойролцоо, бидэнтэй олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Зүүн Өмнөд Азийн Вьетнам улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ хэмээх тив хоорондын албан бус яриа хэлэлцээний механизмд хамгийн идэвхтэй оролцогч гэж үнэлэгдэж байна. 

Вьетнам гэхээр 55-аас дээш насныхны хувьд Энэтхэг-Хятадын хойгийн дайны үед БНМАУ-аас Вьетнамын ард түмнийг дэмжиж, сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэгийг харамгүй үзүүлсэн байсан тухай дурсамж сэргэнэ. Тэгвэл залуу үеийнхний тухайд энэ улсын тухай ойлголт “вьетнам засварын газар” гэх төдийгөөр хязгаарлагддаг болов уу. Харин сүүлийн жилүүдэд хоёр орны улстөрийн харилцаа өргөжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж буйг дурдах нь зүйтэй. 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/ одоогоос яг 30 жилийн өмнө түүхэн алхам хийж, Дой Мой гэдэг шинэчлэлийг хэрэгжүүлснээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжжээ. 1986 оны статистик мэдээллээр, хүн амынх нь 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр 10 хувь болж буурчээ. Вьетнам улс буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас хасагдаж, дундаж орлоготойд /lowermiddle/ тооцогдох болов. 1990-2012 оны хооронд тус улсын эдийн засаг жилд 7 хувиар өсч байсан бол 2012 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсны улмаас 6 хувь болж буурсан байна. Гэхдээ энэ бол бүс нутгийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт бөгөөд бүхэл бүхэн 25 жилийн турш эдийн засгаа жилд зургаагаас дээш хувиар өсгөж чадна гэдэг бол яах аргагүй том амжилт.

90 сая гаруй хүн амтай БНСВУ бол АСЕМ-ыг үндэслэн байгуулсан 26 орны нэг бөгөөд 2004 онд нийслэл Ханой хотод АСЕМ-ын 5 дахь удаагийн Дээд түвшний уулзалтыг “Бодитой бөгөөд илүү гүнзгий Евразийн түншлэлийн төлөө” уриан дор зохион байгуулсан нь уг байгууллагын үйл ажиллагаанд вьетнамчуудын оруулсан хамгийн том хувь нэмэр юм. Түүнээс гадна, 2009 онд дараагийн түвшний том хурал болох Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг амжилттай явуулжээ. Мөн Ханой хотод эдийн засаг, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын сайд нарын уулзалтууд болж байв. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ыг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Вьетнамын тал 20 санаачилга гаргаж, 24 санаачилгыг хамтран боловсруулж дэвшүүлсэн байна. Дээр дурдсан 5 дахь уулзалтаар “АСЕМ-ын орнуудын хооронд илүү нягт эдийн засгийн түншлэлийг бий болгох тухай” Ханойн Тунхаглал, уулзалт Даргалагчийн мэдэгдэл, “Ази-Европын Соёл ба Иргэншлүүдийн хоорондох яриа хэлэлцээний тухай” АСЕМ-ын Тунхаглал гэсэн гурван гол баримт бичгийг баталж, мөн 13 улсыг шинээр гишүүнээр элсүүлжээ. 

Дээд түвшний уулзалт тохиосон эл боломжийг ашиглаад вьетнам нөхөд маань АСЕМ-ын түншүүдтэйгээ эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг хэлэлцэн тохирч, тодорхой үр дүнд хүрч чадав. Зөвхөн Хятад улстай гэхэд эдийн засаг, технологийн салбарт хамтран ажиллах тухай 8 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тодруулбал, Нин Бин хотод нүүрснээс бордоо гарган авах үйлдвэр байгуулах, Ханойгоос Ха Донг хот руу төмөр зам барихад хамтран ажиллах, “Нэг эдийн засгийн бүс, хоёр коридор”–ыг хөгжүүлэх санаачилгыг ажил хэрэг болгох зорилгоор ажлын хэсэг байгуулах гэх мэт чухал асуудлуудаар тохиролцоонд хүрсэн байх жишээтэй. 

Түүнчлэн, Өмнөд Солонгосын 10 сая долларын буцалтгүй тусламжаар  Мэдээллийн технологийн коллеж байгуулах, Солонгосын Эдийн засгийн хөгжлийн сангийн 21 сая доллароор хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг Нин Бин мужид барих талаар тохиролцжээ. Польш улс гэхэд Вьетнамын нүүрсний салбар болон хөлөг онгоцны үйлдвэрийг дэмжих, дулааны супер цахилгаан станц барихад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгохоо амлав.

Түүнээс гадна, өнөөдрийг хүртэлх хугацаанд вьетнамчууд АСЕМ-ын Итгэлцлийн сангаас /Trust Fund/ нийт 21 төсөлд  хоёр үе шаттайгаар 13.35 сая долларын тусламж авч банк санхүүгийн тогтолцоогоо шинэчлэх, ядуурлыг бууруулах зэрэгт маш үр дүнтэй зарцуулсныг АСЕМ-ынхан онцлон сайшаажээ.

Вьетнамчууд АСЕМ-ыг санаачлан байгуулж, Европ тивийнхэнтэй харилцаа холбоогоо өргөжүүлэхийг асар ихээр сонирхож байгаа нь эдийн засгийн гүнзгий учир шалтгаан, ач холбогдолтой. Тодорхой тоо дурдваас, цахилгаан бараа, гутал, кофе, нэхмэл бүтээгдэхүүн, цагаан будаа, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тавилга зэргийг вьетнамчууд Европын орнуудад нийлүүлдэг ба экспортын нийт хэмжээ нь жилд 24 тэрбум долларт хүрчээ. Европын Холбоо бол Вьетнамын хувьд Хятадын дараа хоёрдугаарт орох худалдааны гол түнш бөгөөд импортолж буй бүтээгдэхүүнийх нь 20 хувийг худалдан авдаг байна. Дашрамд дурдахад, Вьетнамын үйлдвэрлэгчид GSP буюу Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдсанаар худалдааны таатай нөхцлөөр бараа бүтээгдэхүүнээ Европт нийлүүлдэг байсан бол хөнгөлөлт эдлэх хугацаа 2017 онд дуусна.

1996 онд Ази-Европын уулзалт бий болсноос хойшхи хугацаанд тус улсын эдийн засагт АСЕМ-ын орнуудын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдсээр ирлээ. 2004 оны дүн мэдээгээр, Вьетнам улс АСЕМ-ын гишүүн орнуудаас 27 тэрбум долларын санхүүжилт татаж, 2750 төсөл хэрэгжүүлж байв. Энэ нь нийт гадаадын хөрөнгө оруулалтын 53 хувьтай тэнцэж байгаа юм. Тус улс АСЕМ-ын орнуудтай худалдааны өргөн харилцаатай бөгөөд гадаад худалдааны эргэлт нь жилдээ 100 тэрбум гаруй долларт хүрчээ. Ерөнхийдээ бол, нийт экспортынх нь 80 хувь, импортынх нь 90 хувь АСЕМ-д ногддог байна.

Вьетнам нь ОДА буюу Хөгжлийн албан ёсны тусламжийг гол төлөв АСЕМ-ын гишүүн Япон, Франц, Өмнөд Солонгосоос авдаг аж. Энэ тусламж нь ажлын байр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээг өсгөх зэрэгт ихээхэн нэмэр болжээ. 

Вьетнам улс АСЕМ-ын хүрээнд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /IPAP/, “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны төлөвлөгөө” /TFAP/-г хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцжээ. Тодруулбал, TFAP-ийн хүрээнд худалдаанд саад болж буй хүчин зүйлүүдийн жагсаалт гаргах тал дээр АСЕМ-тэй идэвхтэй хамтран ажиллав.                                                                                                                         
Тээврийн салбарт Вьетнам улс нь Өмнөд Солонгос болон АСЕМ-ын бусад оронтой хамтран “Төмөр Торгоны зам” буюу Еврази дамнасан төмөр замын сүлжээний асуудлаарх АСЕМ-ын семинарын үеэр тодорхой санал санаачилга дэвшүүлжээ.

Түүнчлэн, АСЕМ-ыг үүсгэн байгуулагчийн хувьд тус байгууллагын үйл ажиллагаанд бусад олон чиглэлээр оролцсоор иржээ. Байгалийн гамшигтай тэмцэх хамтын ажиллагааны механизмыг бий болгох, усны менежментийг тогтвортой хөгжүүлэх талаарх АСЕМ-ын яриа хэлэлцээг санаачлагчдын нэг бол Вьетнам. Дээд түвшний 3 дугаар уулзалтаас Ханойн 5 дугаар уулзалт хүртэлх хугацаанд /2000-2004 он/ Ази тивийн зохицуулагчийн үүргийг энэ улс амжилттай гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд гэхэд, ASEM Initiative on Lifelong Learning, ASEM-Duo Fellowship Program зэрэг боловсрол, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсон байна. Эрүүл мэндийн салбарын тухайд, “Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулах нь” хэмээх санаачилгыг Хятад улстай хамтран дэвшүүлжээ.

АСЕМ бол, улстөр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа гэсэн гурван тулгуур багана дээр тогтдог. Тус байгууллагa соёлын хамтын ажиллагааны нэлээд төлөвшсөн суурь сайтай бүтэцтэй байдаг нь Сингапурт төвтэй Ази-Европын сан /Asia-Europe Foundation/ юм. Энэ санг 1997 онд эдийн засаг, тогтвортой хөгжил, сайн засаглал, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт туршлага хуваалцах зорилгоор байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд сангийн үйл ажиллагааны хүрээнд нийт 700 орчим төслийг хэрэгжүүлж, уулзалт, семинар зэрэг арга хэмжээнд 20 мянга орчим хүнийг хамруулаад байна. Дашрамд дурдахад, Вьетнамын тал уг санд нийтдээ 200 мянган долларын хувь хандив оруулжээ. Сангийн хүрээнд вьетнамчууд Франц улстай хамтран “АСЕМ-ын гишүүн орнуудад соёлын өвийг хадгалан хамгаалах” санаачилга дэвшүүлснийг 2 дахь удаагийн Дээд түвшний уулзалтаар сайшааснаар өдгөө хүртэл хэрэгжиж байна. Дээр дурдсан Соёл ба Иргэншлийн талаарх Тунхаг бол Ханойн уулзалтын үеэр Вьетнамын тал бусад гишүүн орнуудтай хамтран боловсруулсан баримт бичиг юм. 

АСЕМ-тай хамтрах Монголын боломж  
АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын хурлын баримт бичгийн хавсралтаас үзвэл, манай Монгол Улс гишүүн орнуудын хүрээнд 19 чиглэл, салбарт хэрэгжиж буй төслүүдийн 6 салбарынхад нь оролцож байна. Харин АСЕМ-ыг үндэслэгч Вьетнам улс 3-т нь оролцож байгаатай харьцуулахад 8-хан жилийн өмнө тус байгууллагад нэгдсэн манай улсын оролцоо илт идэвхжсэн нь харагдана. 

Манай улсын хувьд Вьетнамтай адил АСЕАН-ы гишүүн биш, “ТransPacific Partnership” зэрэг бүс нутгийн худалдааны түншлэлд хамрагддаггүй, олон улсын соёлын харилцаа тааруухан гэх зэрэг сул талууд бий.  

Тэгвэл АСЕМ нь улстөр, эдийн засаг, соёлын гэсэн гурван чиглэлийг нэгтгэн хамруулдаг үйл явц учраас Ази, Европын орнуудтай энэ гурван салбарт хамтран ажиллах замаар Монгол Улсын хувьд АСЕМ-ын институтчилэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой. 

Соёлын салбарын тухайд ганц жишээ дурдахад, хүмүүсийг түүх, соёлын өвтэй харилцан танилцуулах зорилгоор Ази, Европын музейн нэгдсэн сүлжээг бий болгож, Европын Комисс санхүүжүүлдэг гэх мэт. Дашрамд дурдахад, АСЕМ-ыг бүрдүүлэгч Европ тивийн орнууд хөгжлийн хувьд харьцангуй хоцрогдож буй Азийн орнуудад хөгжлийн туслалцаа үзүүлдэг бөгөөд Европын Холбоо тусламжийн  хөтөлбөртөө Ази тивийн 19 орон, түүний дотор Монгол Улсыг хамруулжээ.

АСЕМ бол үйл ажиллагаагаа ил тодоор явуулдаг, засгийн газар хоорондын нээлттэй байгууллага. Ийм учраас энэ байгууллагаас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд гишүүн орнууд сонгон оролцох, шаардлагатай тохиолдолд тухайн улс өөрөө тодорхой арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх боломжтой байдаг нь ихээхэн том давуу тал болой.

Монгол Улсын хувьд АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор олон улсын тавцанд өөрийн нэр хүндийг өсгөх, Ази-Европын интеграцид бололцооны хэрээр оролцож, хамтын ажиллагааны үр өгөөжийг хүртэх, хоёр тивийн ард түмнүүдийн хооронд гүүр болж дэд бүтцээрээ холбогдох, тэдний түүх, соёл, урлагаас суралцах боломж нээгдэнэ. 

Б.Адъяахүү

Эх сурвалж: www.vietmaz.com, Дипломат академи-аас эрхлэн гаргасан “АСЕМ ба Монгол” товхимол  

関連ニュース