Монголчууд оросуудыг "гуталтай болгожээ"

МОНГОЛЫН МЭДЭЭ | LIFESTYLE
khandmaa@montsame.gov.mn
2019-04-11 12:18:39


Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Lifestyle” буланд маань нийслэлийн төв талбайд гутал тослодог залуугийн тухай өгүүлсэн. Тэгвэл одоо гуталтай холбоотой нэгэн мэдээллийг сонирхоно уу.

Оросууд гутлын тосыг “гуталин” гэдэг. Олон хэлний цахим толь Википедиад, үүнийг монгол хэлний “гутлын” гэсэн үгээс гаралтай гэж тайлбарлажээ.

Аливаа хэлэнд үйл үг бус зөвхөн нэр үг л “цагаачилдаг”. Өөрөөр хэлбэл, тухайн үндэстэн өөрт байхгүй юм нь орж ирэхэд, тухайн хэлнийх нь нэрийг шууд зээлдэн авдаг хэлний зүй тогтол буй. Монгол хэлэнд орж ирсэн гадаад үгсийг тийм л зүй тогтлоор бид өөриймшүүлсэн байдаг. Тэгэхээр гутал гэдэг үг орос хэлэнд нэвтэрсэн он цаг нь, оросууд түрийтэй гутал мэдэхгүй байсан үе юм уу, монгол гутлыг үзээд ихэд шохоорхож эхэлсэн тэр үетэй холбоотой гэж таамаглаж болох билээ.

Монгол хэлнээс харь хэлэнд орсон үгсийн талаарх дорвитой судлагаа байдаггүйг манай хэл шинжээчид хүлээн зөвшөөрдөг. Харин гутал гэдэг үгийн гарлыг “год” гэсэн үгээс гаралтай гэж тайлбарладаг.  Год гэдэг нь мал амьтны хөлийн шилбэний арьс  бөгөөд монголчууд годыг битүү өвчөөд хөлдөө тааруулж, хатуу ширээр ул хийж өмсдөг байжээ.  

Дашрамд хэлэхэд, манай эмэгтэйчүүдийн өвлийн үнэнч хэрэглээ, гол гангараа нь годон гутал болоод цөөнгүй оныг элээж байгаа билээ.  

関連ニュース