Улаан-Үд-Улаанбаатарын чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаа үйлдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭУЛААН-ҮД. /TASS/. "ИрАэро" компани Улаан-Үд-Улаанбаатарын чиглэлд үйлддэг тогтмол нислэгээ энэ оны зургадугаар сарын 6-наас эхлэн сэргээхээр болжээ. Уг нислэгийг долоо хоногт хоёр удаа даваа, баасан гарагт үйлдэнэ гэж Буриадын Тээвэр, эрчим хүчний хөгжил, авто замын удирдлагын яам мэдээлжээ.
“Монгол болон Бүгд Найрамдах Буриад Улсын оршин суугчдад хэрэгцээтэй байгаатай холбоотойгоор агаарын харилцааг нээж байна” гэж тус яамны төлөөлөгч хэлсэн байна.
Нислэгийг 50 хүний суудалтай “Bombardier CRJ-200” онгоцоор үйлдэнэ. Улаан-Үд хотын Байгал олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл болон буцаад нисэхэд нэг цаг орчим ниснэ.
Дээрх чиглэлд нисэх тасалбарыг худалдаж эхэлжээ. Тасалбарын үнэ нэг талдаа 7500 рубль аж. Нислэгийг 10 дугаар сарын эцэс хүртэл үйлдэнэ.
2014 онд Орос, Монголын хооронд визийн журмыг цуцалснаас хойш Буриадад зорчих монголчуудын урсгал эрс нэмэгдсэн билээ. Бүс нутгийн Эдийн засгийн яамны мэдээлснээр, 2015 онд Буриадад зорчсон гадаадын жуулчдын дийлэнх нь чухам монголчууд байсан байна.
Буриадын Гаалийн удирдах газрын мэдээллээр, өнгөрсөн онд Монголын 840 мянга гаруй иргэн Орос-Монголын хилээр нэвтэрсэн нь 2014 оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт аж.
Д.Жаргал