Ховд аймгийн ЖДҮ-ийг дэмжиж нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт жижиг, дунд үйлдвэр\ЖДҮ\-ийг дэмжиж, улмаар хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалт болж байна.
ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А-119
дүгээр тушаалаар “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт
хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах
журам” баталсан байдаг.
Энэ журмын
дагуу “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл
сонгон шалгаруулах аймгийн дэд хороо” байгуулжээ. Тус хороо “ЖДҮ-ийг хөгжүүлэх
сангаас 2019 онд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон
шалгаруулалт” явуулж байгаа нь энэ юм.
ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх
чиглэлээр 2019 оны улсын төсөвт нийт 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн журам шинэчлэгдсэнээр энэ оны 05 дугаар
сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд орон нутагтаа төслүүдийг
хүлээн авсан. Үүнд, Ховд аймгийн хэмжээнд 59 иргэн, аж ахуйн нэгж төсөл
ирүүлснээс 37 төсөл эхний шатанд шалгарсан байна.
Тэгвэл өнөөдөр “ЖДҮ-ийг
хөгжүүлэх сангаас 2019 онд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн
сонгон шалгаруулалт”-ын хоёрдугаар үе шат боллоо. Энэ хүрээнд өмнөх шатанд
шалгарсан төслийн товч танилцуулга хийж, иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл
ажиллагааны тогтвортой байдал, онцлог, давуу
тал, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан
байдал зэргийг “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд
хороо”-ны хуралдаанаар авч хэлэлцсэн юм.
Тус хорооны гишүүд
төсөл сонгон шалгаруулалтад оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжид экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улмаар байнгын ажлын байр
шинээр бий болгосон байх, шинэ техник технологи нэвтрүүлэх, импортыг орлох шинэ
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгальд хор нөлөөгүй байх зэрэг шаардлага тавьж, тусгай заалт бүхий шалгуур үзүүлэлтийг харгалзан дүгнэж байна. Одоогийн байдлаар төсөл сонгон шалгаруулалтын нэгдсэн дүн гараагүй байна.