Оросын шатарчид супер тэмцээний наймдугаар тойрогт өрсөлдөгчөө хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-08-26 17:26:29

СЕНТ-ЛУИС. /TASS/. АНУ-ын Миссури муж улсын Сент-Луис хотноо болж буй шатрын супер тэмцээний наймдугаар тойрогт ОХУ-ын шатрын их мастер Сергей Карякин Францын шатарчин Максим Вашье-Лагравтай цагаанаар тоглож хожсон байна. Оросын шатарчин Ян Непомнящий мөн Армений Левон Ароняныг хожжээ.


Дэлхийн шатрын аваргын цолыг эзэмшигч Норвегийн шатарчин Магнус Карлсен Хятадын шатарчин Дин Лижэньтэй тоглож хайнцжээ. Энэ тоглолтоос гадна Америкийн шатарчин Фабиана Каруана - Энэтхэгийн Вишванатан Ананд, Азербайжаны шатарчин Шахрияр Мамедьяров - Нидерландын Аниш Гири, АНУ-ын шатарчид Хикару Накамура-Уэсли Со нарын өрөг тэнцээгээр дууссан байна.


Одоогийн байдлаар Каруана, Дин Лижэнь, Непомнящий, Ананд, Карякин нар 4.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байгаа бол Карлсен, Со, Мамедьяров нар 4 оноо авсан байна. Харин Гири, Вашье-Лаграв, Накамура нар 3.5, Аронян 3 оноо авчээ. Есдүгээр тойрогт Непомнящий Америкийн шатарчин Сотой, Карякин Нидерландын Гиритэй тоглоно.


Тэмцээн нэг тойргоор болж байгаа бөгөөд наймдугаар сарын 29-нд ялагч тодорно. Өргийн үргэлжлэх хугацаа 130 минутад шатарчид эхний 40 нүүдэл хийх бөгөөд дараа нь тоглолт дуусах хүртэл 60 минутад нүүдэл бүрт 30 секундийн хугацаа нэмж оруулжээ.


関連ニュース