“Эрдэнэмандал-Хааны хот хөгжил” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-30 15:39:26

Архангай /МОНЦАМЭ/. “Эрдэнэмандал-Хааны хот хөгжил” төсөл хэрэгжихээр боллоо. Уг төслийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилсан ба Эрдэнэмандалчууд хэрэгжүүлэх аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга дор хэрэгжиж буй ''Шинэ сум'' төслийн хүрээнд энэхүү төсөл өрнөж байгаа ба төр засаг, УИХ-ын гишүүдийн дэмжлэг, нутгийн олны идэвх санаачилгаар хэрэгжинэ. Тус сумаас төрсөн эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд, төр захиргааны байгууллагын ажилтнууд, инженер техникчид, их дээд, дунд сургуулийн багш нар, урлаг соёлын зүтгэлтнүүд, сумын удирдлагууд, албан байгууллагынхан, малчид төслийн тулгуур нь болох аж.

Төслийн хүрээнд Эрдэнэмандал суманд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол, гадна усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, авто зам тавих юм байна. Төслийн санхүүжилт нь Засгийн газар, төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагын дэмжлэг тусламж, нутгийн иргэдийн хандиваас бүрдэх аж.

Төслийг хэрэгжүүлэх ажлын дэд хэсгүүд гарч, эдийн засаг, дэд бүтэц, боловсрол, сургууль, эрүүл мэнд, байгаль орчин, ХАА, олон нийттэй харилцах, орон нутгийн баг гэхчлэн нийслэл болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа Эрдэнэмандалчууд нэгдэн ажиллаж эхлээд байна.

Төслийг санаачлагчийн зүгээс сумандаа сайхан амьдрах нөхцөлийг хамтран бий болгосноор аймаг, нийслэл рүү чиглэсэн урсгал саарах эхлэл болно гэлээ. Мөн Эрдэнэмандал сум бол эртний хаадын өлгий, эрдэмтэн мэргэдийн голомт, мал сүргийн авшигт дэлгэр нутаг. Зая бандида хутагтын адистай энэ нутгийнхны хамтын хүч хөгжилд дөтөлнө гэдгийг ч онцоллоо.

関連ニュース