100 хүүхдэд үзлэг хийж, шүдний цоорлоос хамгаалсан түрхлэг түрхэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-02 14:18:20

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын урилгаар Япон улсын шүдний эмч, профессор Курадо, эрүүл ахуйч эмч Кидо нараар ахлуулсан баг Архангай аймгийн төвд 8-р сарын 30-наас 9-р сарын 03-ны хооронд ажиллаж, шүдний эмч нар, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн багш нарт амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа.  

Мөн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг болох зорилт тавьсан 1-р цэцэрлэгийн 100 хүүхдийн эцэг эхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалт, мэдээлэл хийж, гарын авлага олголоо. Харин өнөөдөр тус цэцэрлэгийн бага ангийн буюу 2-3 настай 100 хүүхдэд үзлэг хийж, шүдний цоорлоос хамгаалсан гелен түрхлэг түрхэж байна.

1-р цэцэрэг нь 2019 оноос ЭМГ-тай хамтран эрүүл мэндийг дэмжигч жишиг цэцэрлэгээр ажиллахаар ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. 2019 оны 2-р сард хүүхдийн шүдний эмч нар тус цэцэрлэгийн 180 хүүхдэд шүдний өвчлөлийн үзлэг хийхэд 99 хувь нь шүдний өвчлөлтэй байжээ. Үүнээс хойш хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлж эхэлсэн байна. Энэ намар гэхэд л нийт хүүхдийн 90-ээс дээш хувь нь шүдээ эмчлүүлсэн байна гэдэг зорилтыг тавин ажиллаж байгаа ажээ. Эрүүл мэндийн жишиг цэцэрлэг болох ажлын хүрээнд амны хөндийн эрүүл ахуй, хөдөлгөөн, амин дэмтэй хоол хүнс, эцэг эх, багш ажилчдын эрүүл мэндийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх гэсэн дөрвөн чиглэлээр ажиллаж байгаа ажээ. 

関連ニュース