Клинтоны машины цуваа руу нэг долларын мөнгөн тэмдэгтүүд цацжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байгаа Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерсыг дэмжигчид болох 100 орчим хүн түүний гол өрсөлдөгчид тооцогдож буй Хиллари Клинтоны суусан автомашины цуваа руу нэг долларын мөнгөн тэмдэгтүүд цацжээ. Энэ тухай телевизийн “CNN” суваг мэдээллээ.
Дээрх хэрэг явдал Лос-Анжелес хотын захын дүүрэгт болсон байна. Клинтон сонгуулийн кампанит ажилдаа хандив цуглуулах арга хэмжээнд оролцохоор жүжигчин Жорж Клуни, түүний эхнэр Амаль нарын хамт явж байжээ.
Сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхэд асар хэмжээний мөнгө зарцуулах боломжийг улстөрчдөд хуулиар олгосон нь учир утгагүй шийдвэр гэдгийг харуулах зорилгоор Сандерсыг дэмжигчид эсэргүүцлээ ийм байдлаар илэрхийлсэн аж.
Клинтон компаниудаас хандив авч байгаа нь түүнийг бизнесийн ашиг сонирхлоос хамааралтай болгож байна гэж Сандерс болон түүнийг дэмжигчид өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байлаа.
Одоогийн байдлаар, удахгүй болох намын их хуралд оролцож өөрийг нь дэмжих төлөөлөгчдийн тоогоор Клинтон тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр 1755 санал авах төлөвтэй байна. Харин Сандерсыг 1060 төлөөлөгч дэмжих бололтой. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлэхийн тулд тус намын 2383 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой юм.
Д.Жаргал