Шилдгийн шилдэг аж ахуй нэгжээр “Бага хангай” ХХК шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-25 15:36:42

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран оны онцлох аж ахуйн нэгж, шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг. Өнөөдөр шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

“Entrepreneur-2019” шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр Төвшрүүлэх суманд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг  "Бага Хангай" ХХК шалгарлаа. “Бага хангай” ХХК нь 1992 оноос газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1800 га талбайд тариалалт хийж, шилмэл сортын улаан буудайгаар орон нутгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн “Таван булаг” гурил, халтар арвайн гурил, хивэг, тэжээлийн будаа, улаан буудай, овъёос зэргийг орон нутагт үйлдвэрлэж байгаа шилдэг хамт олон юм.

Хамгийн олон ажлын байр бий болгосон байгууллагаар Өлзийт сумын "Уран дөш саруул" ХХК шалгарсан. Тус компани нь сумандаа 8 нэрийн дэлгүүр, минимаркет, бөөний төв, зоогийн газар, зочид буудал, шатахуун түгээх станц зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, шинээр 43 ажлын байрыг бий болгон ажиллажээ.

Бусад номинацийг дурдвал,

1. Шилдэг үйлчилгээний байгууллага- "Алтан хундага" зоогийн газар

2. Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгч – "Үлэмж бадрах сүү" ХХК /Ихтамир сум/

3. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч- "Аранзал инвест" ХХК

4. Байгаль орчин ногоон хөгжилд ээлтэй байгууллага- Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар

5. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч- Д.Содномсамбуу /иргэн монгол гутал ЭБ сум 4-р баг/

6. Шинэ санаа, шилдэг ноу-хау- "Ар арвижин дэлгэрэх" хоршоо

7. Шилдэг бүтээн байгуулалт – "Идэр живаа" ХХК

8. Шилдэг татвар төлөгч- "Бүрэн Ар" ХХК тус тус шалгарсан байна. 

関連ニュース