Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-25 18:26:02
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг уур, өвөлжилтийн нөхцөл байдал, Засгийн газрын 2019 оны 419 дүгээр /Мал өвөлжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай/ тогтоолоор олгосон хөрөнгийн зарцуулалтын талаар хэлэлцлээ.
Томуугийн В вирусийн дэгдэлт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд их байгаатай холбогдуулан аймгийн хэмжээний хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 26-наас ирэх оны нэгдүгээр сарын.13-ныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан томуугаар өвчилсөн 0-5 насны хүүхдээ гэрээр асрах, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт эмчийн магадлагааг үндэслэн 1-5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон.
Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сургуулийн сурагчдын хичээлээс гадуурх давтлага, дугуйлан, секц, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, зөвлөгөөн, спорт, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах болон интернэт тоглоомын газар ажиллуулахыг хориглов.
Архангай аймагт томуу, томуу төст өвчлөл нийт сумын 73.6 хувьд нь амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, дэгдэлт болж, өвчлөгсдийн 94.4 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийн ирц 51,9 хувьд хүрч буурчээ.
Аймгийн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа зарим сумын малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг үзүүлэх отрын штаб байгуулах, отроор яваа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэлээ.
関連ニュース