Умард Солонгосын эсрэг Япон, АНУ, Өмнөд Солонгос гурав нэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-20 15:25:27

ТОКИО. /NHK/. Өмнөд Солонгос, АНУ болон Японы Гадаад хэргийн дэд сайд нар Хойд Солонгосын өдөөн хатгалгын эсрэг хамтран тэмцэхээр зөвшилцөлд хүрлээ.

Сөүлд болсон тэдний уулзалтад зориулсан хэвлэлийн бага хурал дээр Японы Гадаад хэргийн дэд сайд Акитака Сайки хэлэхдээ "гурван улсын төлөөлөгчид Хойд Солонгосын цөмийн зэвсгийн болоод пуужингийн хөтөлбөр нь бүс нутагт төдийгүй олон улсад аюул занал учруулж байгаа талаар санал бодлоо хуваалцсан" гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Антони Блинкен хэлэхдээ "бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн дагуу хориг арга хэмжээг авахыг бусад улсуудад уриалахаар тохиролцсон" гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос Мусудан хэмээх дунд тусгалын шинэ төрлийн баллистик пуужинг хөөргөхөөр туршсан ч бүтэлгүйтсэн билээ.

Зарим сурвалжуудын мэдээлснээр, Умард Солонгос тавдугаар сарын эхээр болох гэж буй Ажилчдын намын их хурлаас өмнө 5 дахь удаагаа цөмийн зэвсгийн туршилт хийж магадгүй байна гэжээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Лим Санг-нам хэрэв Умард Солонгос цөмийн зэвсгийн туршилт хийх гэх зэргээр дахин өдөөн хатгалга үйлдвээс 3 улс шийдвэртэй хариу өгөх болно гэж мэдэгджээ.

Х.Сарнай

 


 

関連ニュース