Оросын кинонуудыг Украинд үзүүлэхийг хориглолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКИЕВ. /ТАСС/. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүтээсэн Оросын кинонуудыг үзүүлэхийг хориглосон хуульд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко гарын үсэг зуржээ. Энэ тухай Дээд Радагийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Украинд Оросын уран сайхны кино, телевизийн цуврал кинонууд, хөтөлбөрүүд болон телевизийн нэвтрүүлгүүдийг үзүүлэхийг хоригложээ. Үүнтэй холбогдох хуулийн төслийг Украины парламент гуравдугаар сарын 29-нд баталсан байна.
Уг хуулийн тайлбар бичигт дурдсанаар, дээрх арга хэмжээ нь “мэдээллийн салбарт Украины үндэсний аюулгүй байдлыг хамгаалах түвшнийг нэмэгдүүлэхэд” тус дөхөм болох аж.
Оросын болон дэлхийн соёл урлагийн салбарын 83 зүтгэлтний жагсаалтыг Украины Соёлын яам 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр нийтэлжээ. Уг жагсаалтад багтсан хүмүүсийг улс орных нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Украины эрх баригчдын үзэж байгаа аж. Жагсаалтад найруулагч Карен Шахназаров болон Павел Лунгин, жүжигчин Василий Лановой, Валентин Гафт, Олег Табаков нарын нэрсийг оруулсан байна.
Ингэснээр Украины Кино урлагийн асуудал хариуцсан агентлаг дээрх жагсаалтад багтсан хүмүүсийн оролцоотой бүтсэн кино болон телевизийн цуврал кинонуудыг үзүүлэх эрхийг цуцалж эхлэх юм.
Дашрамд дурдахад, Украиныг дэмждэг соёл урлагийн зүтгэлтнүүдийн “цагаан жагсаалт” гэж бас бий. Түүнд тухайлбал, Андрей Макаревич, Лия Ахежакова, Арнольд Шварценеггер, Жорж Клуни зэрэг хүмүүсийг оруулжээ.
Д.Жаргал