Умард Солонгос цөмийн туршилт хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-24 11:46:28

ПХЕНЬЯН. /BBC/. Умард Солонгос өчигдөр шумбагч онгоцноос баллистик пуужин харваж, туршилт хийсэн нь бүтэлгүй болсон гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдэв.

Туршилт орон нутгийн цагаар бямба гарагийн 18:30-д болсон гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн газар мэдэгдэв. Умард Солонгосын зүүн нутгийн Хамгён-Намдо мужийн Шинпо боомтоос холгүй Японы тэнгист шумбагч онгоц байрлаж байжээ.

Умард Солонгос өнгөрсөн 12 дугаар сард явуулсан туршилтын үеэр гарсан алдааг засч, дөрвөн сарын дараа дахин туршиж байна гэж мэдэгдэлд дурдсан байна.

Харин Умард Солонгосын зүгээс бямба гарагт шумбагч онгоцноос харвасан баллистик пуужингийн турршилт амжилттай болсон гэж мэдэгджээ. Мэдэгдэлд, энэ туршилт нь усан доороос цохилт өгөх ажиллагааны шаардлагыг бүрэн хангаж, Умард Солонгосын цэргийн хүчийг бэхжүүлж байгаагийн илрэл боллоо гэж дурдсан байна.

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд  Ри Су-Ён, бид олон улсын хориг арга хэмжээнээс айхгүй гэж “Associated Press” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө дурджээ.

АНУ-Өмнөд Солонгос жил бүрийн цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоовол цөмийн туршилтаа түр хугацаагаар хойшлуулна гэж Умард Солонгос өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Д.Нямтулга

関連ニュース