Аймгийн Онцгой комиссоос сумдын онцгой комисстой цахим хурал хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдааныг сумдын Онцгой комиссынхонтой цахимаар өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.
Хурлаар аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан сумдад хөдөлгөөн хязгаарлах, эргүүл пост ажиллуулах, тэнд ажиллах алба хаагчдын ажиллах журмыг баталж, сумдад мөрдөж ажиллахыг даалгасан байна.
Мөн сумдын шуурхай штабын ажлыг эрчимжүүлэх, хариуцлагатай байх талаар үүрэг, чиглэл өгөв. Хөдөлгөөн хорьсонтой холбоотойгоор аймгийн төвд дөрөв буюу Цагаан даваа, Халзангийн даваа, Цагаан хаалга, Янгиртай хясаа гэсэн хэсэгт байнгын пост гаргахаас гадна эргүүлийн хяналтыг ажиллуулахаар болсон. Дээрх ажилд 260 гаруй төрийн албан хаагчид үүрэг гүйцэтгэх аж.