Гар аргаар алт олборлогч нүхэнд унаж амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал хэмээх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн согтуу үедээ ухсан нүхэндээ унаж нэг нь газар дээрээ өнгөрч, нөгөө нь Улаанбаатар хот руу яаралтай хагалгаанд орохоор явсан хэрэг саяхан гарсан байна.
Энэ хэргийн мөрөөр аймгийн хууль хүчний байгууллагынхан газар дээр нь шуурхай ажиллаж, Бор хавцалд гар аргаар алт олборлож байсан 500 гаруй нинжаг хөөжээ. Одоогоор Тариалан сумын ЗДТГ-ын ажилтан, байгаль хамгаалагч, цагдаа гэсэн 3 хүнтэй баг долоо долоон хоногоор ээлжлэн тус газарт эргүүл хийж байна.
“Бор хавцал болон алтны илэрцтэй газруудаа байнга хамгаалмаар байна. Гэвч зардал мөнгийг нь дийлэхгүй учир цаашдаа байнга хамгаалаад байж чадахгүй юм байна” хэмээн тус сумын Засаг дарга С.Цолмон манайд мэдээллээ.
Гар аргаар алт олборлогчдын ихэнх нь Өмнөговь, Өлгий, Тэс сумын иргэд байсан бөгөөд Тариалан сумаас цөөн тооны хүмүүс байжээ. Нүхэнд унаж амиа алдсан болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд нь Тэс сумынх байсан байна.
Тариалан сумын нутаг дахь Бор хавцал нь аргаль угалз, шилүүс, ирвэс зэрэг ховор, нэн ховор ан амьтад нутагладаг, онгон дагшин байгальтай газар байсан бөгөөд сүүлийн жилүүдэд нинжа нар гар аргаар алт олборлох болсноор ан амьтад нь үргэж дайжин, газар ус нь хөндөгдсөн аж.
Увс аймаг Б.Батхүү