Францад хөл хориог сулруулах төлөвлөгөөг танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /BBC/.
Францад коронавирусний тархалтыг
хязгаарлах үүднээс тогтоосон арга хэмжээнүүдийг ирэх долоо хоногоос сулруулна
гэж тус улсын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдлээ.
Францын бүс
нутгуудыг халдварын түвшний үзүүлэлтээр хоёр ангилсан бөгөөд Парис хот, зүүн
хойд хэсгийн мужуудад хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн тогтоох ажээ. Тус улсад ирэх
даваа гаргаас хөл хориог сулруулж, дэлгүүрүүд болон зарим сургуулийг нээхийг зөвшөөрөх юм.
Европын орнуудын дундаас халдвар хамгийн их тархсан Францад халдварын улмаас 26 мянга орчим хүн нас барсан хэдий ч сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурсан байна. Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 178 хүн нас барж, өмнөх өдрийнхөөс 100 орчмоор цөөн тохиолдол шинээр бүртгэгджээ.
“Гуравдугаар сарын 17-ноос хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг ирэх долоо хоногуудад үе шаттайгаар цуцална" гэж Э.Филипп пүрэв гарагт мэдэгдсэн байна. Засгийн газар өнгөөр ялгасан газрын зургийг олон нийтэд танилцуулсан бөгөөд үүнд бүс нутгуудыг халдварын түвшнээр ногоон. улаан өнгөөр дүрсэлжээ. Ногоон бүсэд улаан бүсийнхээс илүү олон хязгаарлалтыг сулруулах ажээ.
"Эхний ээлжинд аль аль бүсийн бага сургууль, ихэнх аж ахуй нэгжийг нээнэ. Ногоон бүсэд байдаг кафе, зоогийн газар, дунд сургуулиудыг зургадугаар сараас нээгдэнэ” гэж Э.Филипп мэдэгджээ. Харин улаан бүсэд хамаарагдаж буй Парис болон Иль-де-Франс, О-де-Франс зэрэг дөрвөн мужид цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалттай хэвээр байна.
Нийтийн тээврийн хэрэгслүүдийг өдөрт наад зах нь нэг удаа халдваргүйжүүлэх бөгөөд үйлчлүүлэгчид амны хаалт зүүх ёстой. Мөн дэлгүүрүүд амны хаалт зүүхийг үйлчлүүлэгчдээсээ шаардах эрхтэй. Түүнчлэн зайнаас харилцах дүрмийг үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай.
Гэсэн хэдий ч францчууд
/Майотта арлын оршин суугчдаас
бусад/ хөл хорио тогтоосноос
хойш анх удаа зөвшөөрөл авахгүйгээр ажилдаа явж, гэрээс гарах боломжтой болно. Үүнээс гадна хяналтын камеруудаар хэчнээн хүн амны хаалт зүүж байгаа хийгээд хоорондоо нэг метрийн
зай барьж байгаа эсэхийг хянах ажээ.
Европын бусад
оронд
- Шведэд халдвараар
нас барсан хүний тоо 3000 давжээ. Хатуу хөл хорио тогтоогоогүй Шведийн уг
үзүүлэлт хөрш Скандинавын орнуудынхаас өндөр байгаа хэдий ч Британи, Франц,
Испани, Италийнхтай харьцуулахад бага байна.
- Их Британийн
Ерөнхий сайд Борис Жонсон хөл хориог сулруулах төлөвлөгөөг энэ долоо хоногийн
ням гарагт танилцуулна.
- ОХУ-ын нийслэл
Москва хотод хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа
гэж тус хотын захирагч мэдэгджээ.
- Германы Бундеслигийг
тавдугаар сарын 16-наас үргэлжлүүлэхээр болсон нь Европын хөл бөмбөгийн лигүүд
дундаа анхдагч боллоо.
- Музейнүүдийг
зургадугаар сараас нээнэ гэж Грекийн Соёлын яам мэдээллээ. Тус улсын эдийн
засагт аялал жуулчлал голлох байр суурь эзэлдэг юм.