"Маамуу нааш ир" цэцэрлэг хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-28 14:36:35

Увс “МОНЦАМЭ”. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Маамуу нааш ир" хувийн цэцэрлэгийн хамт олон энэ хичээлийн жилд хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр сургахаар болсон байна.  

Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний улмаас улс орон даяар онцгой байдал зарлаж, эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед тухайн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж  3-5 насны хүүхдийг цэцэрлэгтээ үнэ төлбөргүйгээр элсүүлэн сургаж хүмүүжүүлэхээр болжээ.

Тус цэцэрлэг нь 2013 онд Увс аймагт анхны хувийн хөрөнгө оруулалтай, 75 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд ажлын туршлагатай, найрсаг, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн хүүхдэд ээлтэй, тав тухтай орчныг бий болгон ажиллаж иржээ.

“Төр засгаас улсын, хувийн хэвшлийн гэж ялгавартай хандахгүйгээр энэхүү санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг хүсэж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт хувийн цэцэрлэгүүдэд хандаад төлбөрөө багасгаж хамтдаа энэ хүнд цаг үеийг даван туулахыг уриалж байна. Бидний үйл ажиллагааг дэмжээрэй. Холбоо барих утас 95791964, 95455566 шүү” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Ю.Булган хэллээ.

関連ニュース