Парламентын судалгааны хүрээлэн БНЭУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-13 16:13:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.

 

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, "УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан, амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага чухал. Цаашид гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа.  Иймд Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Энэтхэг улсын Парламентын судалгааны  туршлагаас хуваалцах, боловсон хүчнээ чадавхжуулахад дэмжин ажиллана хэмээн найдаж байна" гэлээ.


Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, "Парламентын судалгааны ажлаар Энэтхэг улстай хамтран ажиллах боломжийг хангаж ажиллахад бэлэн. Ялангуяа хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтнүүдийг 100 хувийн болон бусад хөнгөлөлттэй тэтгэлэгээр сургах боломжтой" гэлээ. Мөн Энэтхэг улсад Парламентын судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болох  PRS, PRIDE, Энэтхэгийн Парламентын Номын сан зэрэг байгууллагатай холбоо тогтоон, хамтран ажиллах боломжийг нээхэд анхаарна гэдгээ онцолсон юм.


Иймээс ойрын хугацаанд талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо.

関連ニュース