А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн 20-р олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-22 10:45:54

Архангай /МОНЦАМЭ/. Нэрт математикч А.Нямринчин багшийн нэрэмжит олимпиадыг жил бүр төвийн бүсийн хэмжээнд уламжлан зохион байгуулж ирсэн ба энэ жил хорин жилийн ойгоо Архангай аймгийн Цэнхэр суманд тэмдэглэж, олимпиадаа зохион байгууллаа.

Төвийн бүсийн 8 аймгийн 27 багийн 223 сурагч ур, ухаанаа уралдуулж, 2 өдрийн бодолт, багийн олимпиадад амжилттай оролцжээ. Мөн Увс аймаг, Улаабаатар Налайхын багууд урилгаар оролцсон байна. Олимпиадад багийн дүнгээр Хөвсгөл аймгийн Эрдмийн далай, Дэлгэрмөрөн, Орхон аймгийн Эрдмийн сан сургуулиуд эхний байруудад оржээ.  

Мөн математикийн 42 багш ирж оролцон 2 өдөр сургалтад хамрагдсан байна.

Олимпиадад урилгаар Монгол Улсын дэд ерөнхийлөгч, Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Р.Гончигдорж, Монгол Уламжлал Академийн ерөнхийлөгч МУСГЗ С.Дашням, Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор В.Адъяасүрэн нарын тэргүүтэй 38 хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж дурсамж уулзалт ярилцлага, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. 

Энэ удаагийн олимпиадын хүрээнд “Болорсофт” ХХК-ийн захирал, “Чимэгэ” технологи санаачлан бүтээсэн Ц.Бадрал, “Электрон жаал” хэмээх Э.Энхпүрэв нар хүрэлцэн ирж Архангай аймгийн зарим сургуулийн 12-р ангийн сурагчид, бага ангийн багш нартай уулзалт ярилцлага хийсэн юм. 

関連ニュース