Д.Ариунаа: Идэрийн олимпиадад түрүүлж аймгийнхаа нэрийг гаргасандаа баяртай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЗавхан аймгийн Идэр суманд зохион байгуулагдсан “Идэрийн эх хэлний сорилго, оюуны их баяр”-т Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Даваанямын Ариунаа түрүүлж, 20 цэнгийн мөнгө, нэг цэнгийн алтаар хийсэн “Багш дор мөргөмүй” тэмдэг, гурван сая төгрөгөөр шагнуулсан байна. Ингээд Д.Ариунаа багштай уулзаж арга туршлагаас нь хуваалцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.
-Юуны өмнө “Багш дор мөргөмүй” шагналын эзэн болсон танд баяр хүргэе. Энэ олимпиадад өмнө нь оролцож байсан уу?
-Баярлалаа. Идэрийн эх хэлний сорилго уралдаанд хоёр дахь удаагаа оролцлоо. Анх 2014 онд очиход Дундговийн Отгонсүрэн гээд багш монгол бичигтээ ч түрүүлээд хичээнгүй бичгээрээ ч тэргүүлсэн. Тэр багшийг ямар мундаг юм бэ гэж бодоод бахархаж, тэмдэгнийх нь зургийг авч, бичгийн хэвийг нь сонжихоор дэвтрийг нь харж байсан. Түүнээс хойш мэргэжлээрээ өөрийнхөө чадварыг ахиулж ажиллах юмсан гэж хичээх болсон.
Ер нь бол манай аймгийн монгол хэлний багш нар их чадварлаг, мундаг хүмүүс байдаг. Зөвхөн хичээлээ заагаад явах биш хажуугаар нь өөрийгөө хөгжүүлж, судалгааны маш их зүйлийг уншиж харж, мэргэжлийнхээ хүрээний мэдэж болох бүхий л зүйлийг мэдэж сурч байж олимпиад уралдаанд орохгүй бол хоцорчих гээд байдаг талтай.
Жил жилийн Идэрийн олимпиад үнэхээр гоё болдог. Олимпиад зохион байгуулахаар ирж байгаа тэр мундаг хүмүүстэй уулзаад шүлэг яруу найргийг нь сонсохоор хийморь сүлд сэргээд маш сайхан болдог. Өнгөрсөн жил явж чадаагүй. Энэ жил заавал очино гээд зорьж явсны хэрэг бүтсэн. Дээрээс нь тэр сайхан нутаг, уул усыг шүтэхгүй байхын аргагүй.
Манай сургуулиас 13 хүүхэдтэй нэг баг явсан. Багийнхан маань амжилттай сайн оролцож, 12-р ангийн сурагч Б.Дэлгэрзаяа хүрэл медаль, 11-р ангийн сурагч Д.Сайнсанаа тусгай байр, 7-р ангийн сурагч Б.Хонгорзул 6-р байр, 9-р ангийн сурагч Б.Ганхуяг 8-р байр, Монгол хэл бичгийн багш Д.Туул хичээнгүй бичгийн төрөлд 4-р байр эзэлсэн. Багийн дүнгээр манайх олимпиадын 2-р байрыг эзэлж, 500 мянган төгрөгөөр шагнуулсан.
-Даалгавар хэр хүнд байв?
-Энэ жилийн сорилгын хувьд богино хугацаанд олон зүйлийг амжуулах даалгавар өгсөн тул маш их хурд, авхаалж самбаа шаардсан. Үндсэндээ 120 минутад 22 ширхэг даалгавар гүйцэтгэсэн. Монгол хэлний даалгавар гэхэд үгийн утга тайлбарлах, өгүүлбэр зүй ажиллах, задлах гэх мэт. Монгол бичгээр бол таталган бичиг хөрвүүлж бичих, модон барын бичлэг унших, криллээс монгол бичигт эх хөрвүүлэх зэрэг даалгавар ирсэн. Мөн уран зохиолын урсгал чиглэлүүдийн ялгааг олох, жишээгээр тайлбарлах гэх мэт даалгавар ирсэн. Ямартай ч олон чадварлаг багш нартай өрсөлдөөд түрүүлж Увс аймгийнхаа болон сургуулийнхаа нэрийг гаргасандаа баяртай байгаа.
-Идэрийн олимпиадад өнгөрсөн жил бас Увсын багш түрүүлсэн шүү дээ?
-Хоёр жил дараалаад Увсын багш түрүүлсэнд манай аймгийнхан баяртай байгаа. Энэ жил манай аймгийнхан улсад ч, бүсэд ч, аймагтаа ч амжилттай сайн явж байна. Идэрийн олимпиадад гэхэд эхний 12 байранд Увсын 6 багш орсон. “Шинэ Ази” группын захирал, зохион байгуулагч Л.Төрбаяр ах шагнал гардуулж байхдаа: “Өнгөрсөн жил Увсын багш түрүүлсэн бол энэ жил бас түрүүллээ. Увсын багш нар үнэхээр мундаг юм. Увсын монгол хэлний боловсрол их сайн байна” хэмээн онцолсон. Манай аймгаас нийтдээ 10 багштай 5 баг очсон.
-Та мэргэжлээрээ хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би 2001 онд МУИС-ийн салбар Ховдын багшийн сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд Увс аймгийн Зүүнговь суманд таван жил багшилсан. 2006 онд аймгийн төвд орж ирснээс хойш энэ сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэндээ мэргэжлээрээ 15 дахь жилдээ багшилж байна. Одоо 8, 10, 11-р ангид монгол хэл, бичиг, уран зохиолын хичээл заадаг.
Намайг сургууль төгсөөд ирж байхад бага ангид монгол бичиг заадаг байсан бол одоо 7-9-р ангид зааж байна.
-Монгол бичиг заадаг арга туршлагаасаа хуваалцаач?
-Хүүхдүүдэд монгол бичгийн үсгийг эхэнд, дунд, адагт ордог хэлбэрээр нь долоон эгшгээрээ ангилж үеүдээр нүдлүүлж сургах нь хамгийн чухал суурь болж өгдөг. Эхэнд, дунд, адагт ордог гурван үеэ ялгаад нүдлэчихсэн хүүхэд маш хурдан уншдаг. Хурдан уншаад сурчихсан хүүхэд үг нүдлэхдээ сайн байдаг. Иймээс монгол бичиг заахдаа би үүнийг анхаардаг. Үеүдээ нүдлэчихсэн хүүхэд цаашаа монгол бичгийг улам сайн сурч чадна.
-Монгол хэл, бичгийн багш хүний хувьд эх хэлний асуудалд хэр эмзэглэж явдаг вэ?
-Нэг үе сэтгэл эмзэглүүлсэн асуудал байсан бол сүүлийн үед төр засгаас тодорхой бодлого барьсны хүчинд эх хэл, өв соёлоо эрхэмлэх тал дээр хүмүүсийн ухамсар, хандлага өөрчлөгдөж, эерэг тал руугаа орсон.
ЕБС төгсөж байгаа бүх хүүхдүүд монгол хэлний хичээлээрээ шалгалт өгч босго давж байж дараагийн шалгалтад орох эрх авдаг болсон. Мөн оюутан болоод төгсөөд гараад ирсний дараа төрийн албаны шалгалтад ороход эх хэлний асуултууд түлхүү орж ирж байна. Иймээс гадаад хэлээс гадна монгол хэлээ сайн судлах ёстой юм байна гэсэн бодолтой хүүхдүүд олширч байна. Монгол хэл, бичгийн багш хүний хувьд энэ бүхэнд баяртай байна. Эх хэлээ шимтэн судалдаг хүүхдийн тоо цаашдаа улам нэмэгдэх байх аа хэмээн найдаж байна.
Увс аймаг Б.Батхүү