"Токио-2020" Олимпын тоглолтод спортын таван төрөл нэмэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭТОКИО. /VOA/. 2020 онд болох Токиогийн Олимпын тоглолтын уралдаан тэмцээний хөтөлбөрт бэйсбол, зам дээр тэшүүрээр гулгах, серфинг зэрэг спортын таван төрлийг нэмж оруулахаар болсон байна.
Залуу үеийн хөгжөөн дэмжигчдийг илүү олноор татах, тухайн улсын зүгээс үзүүлж буй тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ ийм санал дэвшүүлжээ.
“Токио-2020” Олимпын тоглолтод тэшүүр, серфинг, уулын спорт авиралт, каратэ болон бэйсбол/софтболын хамтарсан төрлүүдийг нэмж оруулах тухай асуудлыг Рио-Де-Жанейро хотод 8 дугаар сард болох Олон улсын Олимпын хорооны хурлаар эцэслэн батлах юм.
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дээрх санаачилгыг санал нэгтэйгээр дэмжсэн гэж ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коутс хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Мөн тэрбээр хэлэхдээ "серфинг, зам дээр тэшүүрээр гулгах, спорт авиралт зэрэг нь залуучуудын сонирхлыг ихээр татдагаас гадна Япон улсад ихэд түгээмэл спортын төрлүүд юм" гэдгийг онцлон дурдлаа.
Олимпын наадмын шинэ журам ёсоор, Олимпын тоглолтыг зохион байгуулах гэж буй хот нь олимпын үндсэн 28 төрөл дээр нэмж спортын тодорхой тооны төрлүүдийг Олимпын наадмын хөтөлбөрт оруулах эрхтэй болжээ.
2014 онд санаачилсан уг шинэчлэлийн хүрээнд олимп зохион байгуулах эрх авсан хотууд өөрийн оронд түгээмэл болсон спортын төрлүүдийг Олимпын хөтөлбөрт нэмж оруулж болох бөгөөд ингэснээр залуу үеийнхэн болон ивээн тэтгэгчдийг ихээр татаж олимпын нэр хүндийг өсгөх боломжтой.
Зургаан баг хоорондоо өрсөлддөг бэйсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд “Бээжин-2008” тоглолтын хөтөлбөрт орж байсан боловч дараа нь Олимпоос хасагджээ.
Серфинг буюу далайн давалгаан дээгүүр гулгах төрөлд 20 эрэгтэй, 20 эмэгтэй тамирчид оролцох бөгөөд тэмцээнийг хиймэл давалгаан дээр бус харин далайн усан дээр явуулна.
Скейтбординг буюу зам дээр тэшүүрээр гулгах төрөл эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 нийт 40 тамирчин өрсөлдөнө.
Каратэгийн тэмцээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд тус бүр гурван жингийн ангилалд оролцох юм.
Спорт авиралтын тэмцээнд оролцох эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүд хаданд авирах хугацаа болон техникээр өрсөлдөнө.
Дээрх таван спортын төрлөөр нийтдээ 474 тамирчин Токиогийн Олимпын наадамд оролцох төлөвтэй байна.
Д.Нямтулга