Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо М.Ёширогийн хэлсэн үгийн талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-09 16:36:14

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо тэргүүн Мори Ёширогийнхоо өнгөрсөн долоо хоногт хэлсэн, маргаан дагуулсан үгийн талаар зөвлөлийн гишүүд ямар санал бодолтой байгааг сонсохоор болжээ.


М.Ёширо эмэгтэйчүүд хэтэрхий их ярьдаг тул зөвлөлийн хуралдааныг сунжруулна гэж өнгөрсөн долоо хоногт хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм. Үүнтэй холбоотойгоор Олимпыг зохион байгуулах хороо баасан гарагт хамтарсан хурал явуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Өдгөө 83 настай М.Ёширо хэлсэн үгийнхээ төлөө хожим нь хүлцэл өчсөн боловч дотоод, гадаадын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Мөн уг явдлаас хойш Токиогийн Олимпын наадмын сайн дурын 390 орчим ажилтан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.


Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо жендэрийн тэгш байдлын тухай мэдэгдлийг ням гарагт гаргаад, М.Ёширо зохисгүй үг хэлснийг хүлээн зөвшөөрчээ. Мөн жендерийн тэгш байдал нь Токиогийн Олимпын үндсэн зарчмуудын нэг болохыг уг мэдэгдэлд дурдсан байна. 

関連ニュース