Бээжингийн оршин суугчдад 1.5 сая ам.доллар криптовалютаар тараана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /CNBC/. БНХАУ-ын нийслэл хотын захиргаа Билгийн тооллын шинэ жилийг тохиолдуулан Төв банкныхаа туршилтын хүрээнд 50 мянган оршин суугчид 200 юань буюу 30 ам.доллар криптовалютаар тараах гэж байгаа тухай CNBC суваг мэдээлжээ.
Уг арга хэмжээг Хятадын Ардын банкны үндэсний дижитал валют гаргах, гүйлгээнд нэвтрүүлэх туршилтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж. Бээжингийн оршин суугчид дижитал юанийг “Alipay”, “WeChat Pay” гэх мэт программуудаар төлбөр төлөхөд ашиглаж болно. Гэхдээ бусад криптовалютаас (жишээлбэл bitcoin) ялгаатай нь Хятадын дижитал валютыг нэг төвлөрсөн системээр хянах юм.
Туршилтын үеэр Бээжингийн эрх баригчид дижитал валютаар 200 юань авах 50 мянган оролцогчийг сонгоно. Үүнд нийт нийтдээ 1.5 сая ам.доллар хуваарилагдаж байгаа аж. Эдгээр хүмүүс хүлээн авсан мөнгөө шинэ жилийн баярын үеэр буюу хоёрдугаар сарын 10-наас 17-ны хооронд зарим офлайн болон онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхэд ашиглах боломжтой байна.
Энэ нь БНХАУ-ын Ардын банкны туршилтын хөтөлбөрийн хүрээнд явуулж буй гурав дахь туршилт юм. Өмнө нь дижитал валютыг Сужоу, Шэньжэнь хотуудад туршжээ.