Улаанбаатар болон голомттой бүс нутгаас ирэх хөдөлгөөнийг хязгаарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай аймгийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. Захирамжид:
1. Коронавируст цар тахал нэмэгдэж байгаатай холбогдуулан
иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот
болон халдварын голомт бүхий бүс нутгаас хүндэтгэн үзэх шалтгаан болох албан
томилолт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ (13-А
маягт), буяны
ажил, хүнс тээвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, барилгын материал зэрэг
ачаа тээвэр зэрэг зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын
13-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хязгаарлалаа. Өөрөөр
хэлбэл, аймгийн хэмжээнд хөдөлгөөн хэвийн байх ба зөвхөн Улаанбаатар болон
голомттой бүс нутгаас ирэх хөдөлгөөнийг хязгаарлажээ.
2. Зөвшөөрөгдсөн тохиолдолд ирж байгаа хүн, тээврийн
хэрэгсэлд бүртгэл хийж, PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлж, гэрийн
тусгаарлалтад 7 хоног авах, хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад
үүрэг болгосон байна.
3. Улаанбаатар хотоос ирэх Архангай аймгийн харьяалалтай
иргэдийг хувийн тээврийн хэрэгслээр бус зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр
зорчуулах шийдвэрийг аймгийн Шуурхай штабаас гаргасан байна.