Ёкозүна Какүрюү зодог тайлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /Kyodo/. Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны түрүүг зургаан удаа хүртсэн Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр зодог
тайлжээ.
Өдгөө 35 настай, Монгол сүмоч зодог тайлсныг Японы Сүмо бөхийн холбоо албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр сүүлийн таван башёг өнжсөн юм. Өвдөг, нуруундаа бэртэл аваад удаж буй тэрбээр зүүн хөлний гэмтлийн улмаас одоо үргэлжилж буй хаврын башёд оролцохгүй болсноо саяхан мэдэгдээд байсан билээ.
Какүрюү зодог
тайлах болоогүй гэдгээ дэвжээний багш Мичинокүдээ хэлснээс хоёр долоо хоног
хүрэхгүй хугацааны дараа ийнхүү гэнэтийн шийдвэрийг гаргажээ. Мичинокү тухайн үед
сэтгүүлчдэд, түүний үргэлжлүүлэн барилдах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн
байна.
Өнгөрсөн 11
дүгээр сард Сүмо бөхийн холбооноос Какүрюү болон Ёкозүна Хакүхо нарт тэмцээнийг
өнжиж байгаатай нь холбогдуулан хатуу анхааруулгыг хүргүүлжээ. Энэхүү анхааруулга
нь Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс аливаа бөхөд зодог тайлахыг санал
болгохоосоо өмнө өгдөг хамгийн хатуу сануулга ажээ.
Үүний дараа 12 дугаар сард Какүрюү Японы иргэншил авснаар зодог тайлсныхаа дараа Японд амьдарч, өөрийн дэвжээгээ байгуулах боломж бүрджээ. 2001 оны 11 дүгээр сараас сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 оны хавар Ёкозүна цол хүртсэн тэрбээр 2019 онд Кисэносатог зодог тайлснаас хойш дэвжээгээ орхиж буй анхны их аварга болж байна.