Олимпын наадамд оролцох тамирчдыг вакцинжуулахыг чухалчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-04-08 16:50:18

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар энэ зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд улс орноо төлөөлөн оролцох тамирчдаа “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулахыг чухалчилна гэж уг мэдээлэлд ойр албаны төлөөлөгч мэдээлэв.


“Тамирчдад ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд вакцины хоёр тунг тарьсан байхыг зорьж байна. Ингэснээр вакцины улмаас хэн нэгэнд гаж нөлөө илэрсэн тохиолдолд долоодугаар сарын 23-нд болох нээлтийн ёслолоос өмнө эдгэрэх хангалттай цаг олгоно” гэж эх сурвалж мэдээлжээ.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сараас эхлүүлсэн Японд эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг хамруулж байгаа боловч “Pfizer”-ийн вакцины нийлүүлэлт саарсны улмаас явц нь удааширчээ. Японы 65 болон түүнээс дээш насны иргэд энэ сарын 12-ноос вакцин хийлгэж эхлэх бөгөөд дараа нь архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулах юм.


Олимпын наадамд оролцох тамирчдыг вакцинжуулахыг чухалчилснаар тэд өндөр настнуудыг вакцинжуулалтад хамруулж дуусахаас өмнө вакцин хийлгэх боломжтой болох ажээ.


Японы Олимп, Паралимпыг зохион байгуулах хороо энэ талаарх хэлэлцээг дөнгөж эхлүүлж байгаа тул Японы бүх тамирчдыг дархлаажуулах уу, зөвхөн тодорхой тэмцээнд оролцох хүмүүсийг вакцинжуулах уу гэдгийг одоогоор хараахан шийдээгүй байгааг эх сурвалж мэдээлсэн байна.


“Токиогийн Олимпод оролцох тамирчдад коронавирусний вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавихгүй” гэж Япон болон Олон улсын олимпын хорооны зүгээс өмнө нь мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч АНУ-ын хувьд бүх тамирчнаа вакцинжуулна гэдгээ мэдэгдээд байгаагаас гадна Европ, Ойрхи Дорнодын хэд хэдэн орон ийм шийдвэр гаргасан байна.


Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токиогийн Олимп, Паралимпын наадмыг “аюулгүй” зохион байгуулахын төлөө “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нягт нямбай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ амласан юм. Одоогийн байдлаар Олимпын үеэр тамирчид, ажилтнуудыг коронавирусний шинжилгээнд олон удаа хамруулах, гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ. 

関連ニュース