К.Георгиева: Дэлхийн эдийн засаг сэргэхэд АНУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа амин чухал
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийн эдийн засаг “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хямралаас хурдан сэргэхэд
дэлхийн хамгийн том эдийн засагтай орнууд болох АНУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа
амин чухал байна” гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева
пүрэв гарагт мэдэгдэв.
“Өнөө үед дэлхийн
эдийн засгийн гол хоёр хөдөлгүүр хэмээн бидний харж буй АНУ, БНХАУ нь томоохон
орнуудаас хамгийн эхэнд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очих хүчин чадалтай. Эдгээр
гүрнийг бид бүхний зорчиж буй нисэх онгоцны хөдөлгүүртэй зүйрлэж үзвэл, тэд нягт
хамтран ажиллах тусам бид илүү хурдан нисэж, илүү алсад хүрнэ” гэж К.Георгиева мэдэгджээ.
ОУВС-гийн Олон
улсын валют, санхүүгийн хорооны хурлын дараа болсон цахим хэвлэлийн бага хурлын
үеэр тэрбээр “Xinhua”
агентлагт ийнхүү мэдээлсэн байна.
Мөн ОУВС-гийн
тэргүүн АНУ, БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт тун нааштай
үзүүлэлтүүд ажиглагдаж буйд баяртай байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн бусад орны эдийн засаг ч мөн сэргэж
буй энэ үед хямралыг даван туулах үйл явцаас хоцрон үлдэж болзошгүй орнуудад
түлхүү анхаарал хандуулахад энэхүү хурлын гол зорилго оршиж буйг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Олон улсын
валют, санхүүгийн хороо дэлхий дахиныг цар тахлаас ангижруулж, дэлхийн эдийн
засгийн хүртээмжтэй, тогтвортой байдлыг хангахын тулд олон талт хамтын
ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа амласан байна.
ОУВС-гаас мягмар
гарагт танилцуулсан Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд 2021 онд
дэлхийн эдийн засаг 6 хувиар өснө хэмээн таамагласан нь энэ оны нэгдүгээр
сарын таамаглалаас 0.5 хувиар өссөн үзүүлэлт болсон юм. Мөн АНУ-ын эдийн засгийг энэ онд
6.4 хувиар, БНХАУ-ын эдийн засаг 8.1 хувиар өснө хэмээн таамагласан билээ.