Гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл 18 хувиар өссөн бол Архангай аймагт буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрөгч 5-р сарын 20-ны байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 134 бүртгэгдсэнийг өнгөрсөн онтой харьцуулахад 45,4 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 12 бүртгэгдэж, өмнөх оноос 16,8 хувиар буурсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа шалтгааны ихэнх хувийг архидалт эзэлж, хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа хүчирхийлэл үйлдэх нэг шалтгаан болж байна.
Гэр
бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн ихэнх хувийг ажилгүй иргэд эзэлж
байна. Аймгийн Цагдаагийн газраас гэр
бүлийн хүчирхийллийг бууруулах олон талт арга хэмжээ зохион байгуулж, иргэдэд
хуулийн мэдлэг олгоход анхаарч ажиллаж байна. Эдгээр арга хэмжээг авахад төрийн
байгууллага болон төрийн бус байгууллагын идэвхтэй үүрэг, оролцоо чухал
байна гэдгийг Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, хошууч
З.Баярсайхан мэдээлэв.