...ЮМ БАЙНА ?
ТОЙМ/ ...ЮМ БАЙНА ? тэмдэглэлийн төгсгөл /
ЭКО гэдэг хөгжлийг ЭНГИЙН ЗҮЙЛ-ээс эхлүүлсэн ТУРШЛАГА хэмээх таталбар
Дэлхий нийтээр яриад байгаа ЭКО ХӨГЖИЛ гээчийг бид заримдаа дэндүү холоос хайгаад байх шиг санагддаг. Манай Монгол Улсын хувьд бол ЭКО ОРЧИН нь дэргэд байгаа учраас ЭКО ХӨГЖИЛ-ийг хажуугаасаа л эхлүүлэх боломж байгаа л юм байна шүү дээ.
Хөрш орон Хятад улс ЭКО ХӨГЖИЛ-ийг ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨВЛӨГӨӨ-нд эрчимтэй тусгаад ажиллаж байна. Энийг нь бидний хэдэн сэтгүүлч нүдээр үзээд, заримыг нь гараараа тэмтрээд ирлээ. Тэгж явахдаа том Төлөвлөгөөг нь ч үзлээ. Тоймтой жижигхээн зүйлийг нь ч харлаа. Эндээс миний сэмхэн ажигласан нэг "олз" бол "ЭКО ХӨГЖИЛ-ийг ЭНГИЙН ЗҮЙЛ-ээс эхлүүлж буй нь анхаарал татсан. Тэр юу байв аа?
Улаанбаатарт шийдэж амжаагүй байгаа боловсон бие засах газрыг улс даяараа шийдэж эхэлсэнд нь л талархмаар. Дээр өгүүлсэн хурдны замын зогсоол бүрт боловсон бие засах газар бүхий "Амран зугаацах газар" тохинуулж чадсаныг энгийн бус эхлэл байсныг тодотгох гээд байна л даа. Бидний очсон газар бүхний алхам тутамд "00"-ийн өрөө нээлттэй байв. Тэгэхдээ үнэхээр л тохилог, тухлаг байсан нь аргагүй л "Бие засахад зориулсан" нь баярлам. Хүний энгийн мөртөө зайлшгүй анхаармаар үйлчилгээний цэг бол "00"-ийн өрөө байдаг. Үүнийг европчууд, азидаа бол япончууд бүрэн шийдсэн байдаг. Хятадын энэ шинэчлэлийг хэн шийдсэн байх вэ?
Төрийнх нь залгамж чанарын үр дүнг энэхүү жоохон жорлонгийн шинэчлэлээс харж болно. Өнгөрсөн зууны 90 оны үед урд хөршийн Ерөнхий сайд буюу БНХАУ-ын Засгийн газрын дарга Жу Рунжи хэд хэдэн шинэтгэл хийсний нэгд энэхүү боловсон жорлон ордог юм. Тэрбээр хятадыг үнэхээр боловсон жорлонгоор хангах эхлэлийг тавьжээ. Манай улсын хилийн хажууханд зах зээл эхлүүлсэн Эрээний хаа сайгүй болхи банзан жорлонтой байсныг мэдэх. Тэр ч бүү хэл, Бээжиндээ ч модон жорлонд идэгдсэн, эзлэгдсэн байсныг үгүйсгэх аргагүй. Гэвч одоо хятад улс даяар цэвэрхэн, тохилог бие засах газрын сүлжээ нэгэнт бий болчихжээ. Хоёр тэрбум шахам хүнийг бүгдийг нь бус гэхнээ 200 гаруй хотынхоо нэг тэрбум хүний бие засах газрыг шийдэж чадсаныг үгүйсгэх аргагүй ээ. Тэгвэл бид хоёр сая хүрэхгүй буюу нэг сая 500 мянга гаруй хүн амьдарч байгаа улсынхаа нийслэлд боловсон бие засах газраар хангаж чадаагүй сууна. Хотын төвд байгаа ганц нэг “00” нь таг хаалттай, тасхийсэн цоожтой байх нь элбэг. Мөн ороод очихоор мөнгө нэхээд суучихсан үйлчлэгч биш, мөнгө хүүлэгч сууж байх нь бүр ч тохигүй болгоод орхичихно.
Тэр байтугай “Усаа тат” гэснийг нь дүрсгүйчүүд “Нусаа тат” болгон шоолсон хэвээр. Боловсон газарт биеэ засаад сурчихаараа тийм нэг сануулгын ч хэрэггүй болчихдог. Европ, азийн хөгжсөн орны “00”-д орохдоо ийм үг олж харсангүй. Энэ бол орчныг нь цэвэрхэн болгоод өгөхөөр биеэ зөв засаад сурчихдагийн жишиг шүү дээ. Улаанбаатарын соёлыг эндээс л эхэлмээр байгаа юм.
Үгүй ядаж, урд хөршийнхөө энэ энгийн зүйлээс эхэлсэн туршлагаас нь туршаад үзээсэй...Энд...нэг ийм ЮМ БАЙГАА биз...? “БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС...” гээд манай өвөг дээдэс аль эрт сургачихсан л байгаа шүү дээ.
ЦӨЛ ДЭЭРХ ХОТ буюу НҮҮРСГҮЙ АМЬДРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ хэмээх судалбар
Бидний аялалын анхны хэсэг Тяньжин байсан бол хоёр дахь гол хэсэг Өвөрмонголын Өөртөө засах орны ОРДОС-ДАЛАД-БУГАТ-ХӨХ хотын эко бүс юм байна. Ордос хотод шөнө буухад л хур угтсан. Үүр цүүрээр ч хуртай л байлаа. Харин автобусандаа суух үес бороо татраад л, очих газартаа хүрэхүйд тэнгэр онгойж, биднийг эртний нэг үес Монгол хаадын нутаг байсан газар ивээж байх шиг санагдана. Гэхдээ Ордос орчмын газрыг 70 мянган жилийн тэртээ “Бор тохойн хүн” гэж нэршсэн хүмүүс амьдарч хүрэл зэвсгийн үеийн олдвор олдож байсныг хятад улс өөрөө нотолжээ. Харин 15 дугаар зууны үеэс Монголын Ордос аймаг хүчирхэгжиж байжээ. БНХАУ-ын төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр 2001 онд Их зуу аймгийг татан буулгаж, Ордос хотыг байгуулжээ. Мөн Чингис хааны онгоныг сэргээн жуулчны бүс болгосон байна. Шинэ Ордос хот эко хотын жишгээр босч байгаа нь 20 давхар зочид буудлын цонхоор илхэн.
Ерөнхийдөө цөлөрхөг газар аж. Ордос хот 87 мянган кв км нутаг дэвсгэр эзлэн ханхайна. Дүшэн, Хияа хоёр дүүрэгтэй. Бид Хияа дүүрэгт буудаллажээ. 7 хошуу нутагтайгаас цөл дээр байгуулсан Далад хотод очих хөтөлбөртэй. Ордос хот хоёр сая хүн амтай, хотон, манж, солонгос, монгол зэрэг цөөнх 42 үндэстэн 290 мянга гаруй байдаг гэнэ. Яг монгол үндэстнийг тоолбол 190 мянга шахам байна. Чингис хааны онгон, Ордос хуримыг төрийн биет бус соёлын өвд бүртгэсэн байна. Ордос хотыг түүхийн баатрууд, хаан, ноён, хиа дагалдсан хөшөөний цогцолбор, сүрлэг ан амьтны болон эртний хадны сүг зургийг ч амилуулсан юм шиг баримлуудаар чимсэн нь өвөрмөц өнгө төрхтэй.
Бас Бүрээ манхан, Долоон одот нуур, Хатан голын их хавцал зэрэг үзэсгэлэнт байгальтай газруудад аялал жуулчлалын 39 бааз байдаг. Бүх хятадын дотроо нүүрсний нөөц нь 193 тэрбум тонн байдаг нь нийт улсынхаа анхаарлыг татдаг болжээ. Эндхийн хэтийн нөөц нь 1000 тэрбум, илрэл мэдэгдсэн байгалийн хийн нөөц нь 44000 тэрбум тонн байгааг онцлон дурдалтай. Энэхүү нүүрс, хийн баялгаас гадна салхины эрчим хүч, нарны эрчим хүч зэрэг нөөцтэй аж. Эдгээр нөөц нь Бээжинтэй хамгийн ойр, 600 км хүрэхгүй учраас Тянжинь, Хэбэйн зах зээлээс ашигтай гэдгийг БНХАУ-ын төрийн зөвлөл мэдэрч, энэхүү ОРДОС-БУГАТ –ын бүсийг илүү анхаарах болсон байна.
Энэ нь ч бидний очсон Хийн үйлдвэрээс бүрнээ харагдсан. Энд байгалийн хийг төрөл бүрийн саванд савласнаас гадна томоохон машинаар тээвэрлэх юмкость ирийтэл жагссан байлаа. Хийн үйлдвэр өргөжих ажиллагаа явуулж байна. Төслийн бүрэн хүчин чадал нь ашиглах үед LNG савлах машин 6000 ширхэг, машинд хэрэглэх LNG сав 144 мянган ширхэг, LNG хос түлш бүхий хүнд ачааны машин 50 мянган ширхэг, нүүрс химийн гол тоноглол болон хүнд оврын даралтын сав 108 мянган тонн үйлдвэрлэнэ гэж тус үйлдвэрийн удирдлагууд ярилаа. Хамгийн сонирхолтой нь хятад улс нүүрснээс татгалзаж, хийн баялгаа ашиглах үүдээ нэгэнт нээжээ. 2020 онд нүүрснээс бүрэн татгалзаж, улс даяараа хийн ашиглалтыг нэвтрүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна. Бид эндээсээ Ордос хотын Энх биеийн экологийн үлгэр жишээ бүст очив. Бурхан багшийн алтадсан дүр алсаас гялалзаад байсан боловч дэргэдүүр нь өнгөрөхүй Манжийн Энх амгалан хааны дүр тодорлоо. Мөрөн дээрээ хүүхэд тоглуулаагүй нь тийнхүү Буддагийн дүр шиг харагджээ. Энэ нь Далад хошууны Хөвчийн цөл гэх цөлөрхөг газарт байрлажээ. ӨМӨЗО-ны Ордос, Бугат, Хөх хотын “Алтан гурвалжин” хэмээн нэрлэгддэг болсон эко энэ бүсэд ногоон хөгжлийн жишиг музей байгуулчихаж. Уг нь эртнээс ус бэлчээр сайтай байсныг хэт атаржуулан газар тариалангаар булчихсаны улмаас цөлжсөн энэ нутгийг эргүүлээд ногооруулж байгаа нь хятад улс алдаагаа засч залруулж буйн том жишээ гэлтэй.
1989 оноос энэ эко бүсийг байгуулсаар ийнхүү хятад байтугай дэлхийд ч дээгүүр орох ногоон бүс болгож чаджээ. Тиймээс энэ бүсийг “Ази тивийн 2010 оны төв хотын үзмэр” өргөмжлөлөөр шагнаа биз. 2015 онд Хятадын цэвэр агаартай 100 жижиг хотын жагсаалтад оржээ. Хөтөч болоод музейн тайлбарлагчийн онцолсноор “Бүх хятадын нүүрстөрөгч багатай нутаг дэвсгэрийн туршилтын бүс”, “ Хятадын ногоон хөгжлийн үлгэр жишээ бааз”, Төв азийн таван орны найз нарын арга хэмжээ зохион байгуулах төв”, “Бүх хятадын экологийн аялал жуулчлалын үлгэр жишээ” гэх магтаалууд хөвөрнө. Тиймээс үүнийг үзсэн хүмүүс “ Хятадын Энх бие”, “Дэлхийн Энх бие” хэмээх болсон юм болов уу даа.
Бид эндээс зам дагуу болоод хотоо тойруулан ногоон хэрэм төслийг зэрэгцүүлэн хийж байгааг ч анзаарав. Хятадууд энэ төслөө “Төрийн ойн хот” гэх нь ч төрийн бодлогоороо л хийж буйн илрэл. 2015 оны байдлаар энэ бүс нутагт 10487 га тариалалтыг зогсоож, 37447 га ойжуулалт хийжээ. Энэ нь алсын хараатай ажиллагааных аж. Тухайлбал, Бээжин, Тяньжин хүрдэг шороон шуургыг таслан зогсоох стратегийн ногоон хамгаалалт юм байна. Эдгээрийг хамгаалахын тулд ойн цагдаагийн 33 хэсэг, гал унтраах 116 анги, 1800 гаруй цагдаа ажиллуулж байна. Энд нэг... ЮМ БАЙГАА биз ?
Бид Далад хот орох замдаа тэмээн хяруул, тахиа зэргийг идээшүүлсэн багахан аж ахуйгаар орлоо. Тэнд хэсэгтээ л алжаалаа тайлж, тэмээн хяруултай найзлав. Цөлтэй тэмцэхдээ цөлийн амьтныг нутагшуулж байгаа нь сонихон. Авсралиас авчирсан тэмээн хяруулууд эрхлэнгүй дураараа бөгөөд ирсэн аянчин гийчидтэй зургаа авахуулж, гараас нь будаа амтлаад сурчихаж. Цөлийг амьд болгож буйн л жишээ юм даа.
Далад хот бол ердөө л цөл дээр боссон шинэхэн хот. Олон ч орон сууц босгожээ. Одоогоор ихэнх нь хүнгүй хоосон. Гэвч саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дорно дахины үг амилахад холгүй. Хятадын томхон хотуудаас нэг л өдөр хүнээ зөөчих биз. Дээр өгүүлсэн хятадын хорьдугаар зууны сүүлчийн удирдагчийн нэг Жу Рунжигийн хятадыг олон хоногоор амраадаг болсноор онгоц, галт тэрэг, орон нутгийн тээвэр хөгжиж, улс орны хэмжээнд нутаг бүхэн рүү аав, ээж, ах дүүстэйгээ уулзах гэсэн дотоодын аялал нэмэгдсэн шиг, эзгүй хотын орон сууцнууд эзэнтэй болох нь дамжиггүй. Угаасаа л багтаж ядсан хүн амтай юм чинь...Бас Далад хотын худалдааны цогцолбороор ороход л хятаддаа дээгүүр орох брэндлэг бараа, бүтээгдэхүүнтэй байв. Энэ бол хүнээ татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг арга шүү дээ. Алдарт Мао даргын хөшөө ч брэнд худалдааны төвийн өмнө байгаа нь хуучин, шинийн хослол гэлтэй.
Бугат хотыг бас л шинэ эко бүсийн нэг төв болгон шинэчлээд эхэлчихэж. Нүүрсний том ордтой энэ газраа аж үйлдвэржүүлэх бүс болгон сонгожээ. Энд бол ердөө л аж үйлдвэрийн бохирдлыг цэгцлэх төсөл хэрэгжүүлж, бүх төрлийн уурхай, нүүрсний талбайг цэгцэлж, хүхрийн давхар ислийн ялгаралтыг 25 мянган тонн, азотын ислийг 48 мянган тонн, тоосжилтийг 110 мянган тонноор багасгаж чаджээ. Нүүрс түлдэг зуухыг бүрэн цэгцэлжээ. Манайх нүүрс түлдэг зуухаа “Утаагүй зуух”-аар солих төдийхөн яваа бил үү? Ерөөсөө л нүүрс түлдэг зуухнаас бүрэн татгалзах ёстой юм байна. За тэгээд энд ганц нүүрсний зуух биш, эргэн тойрны ШТС, газрын тосны агуулах, байгалийн хий хадгалах савыг ч цэгцэнд оруулж, бохир утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг ч устгажээ. Нүүрс түлэх зуухаа бүрэн хийн болон эрчим хүчний хэрэглээгээр сольсон байна.
Бугат хотод газар доох хонгилын системийг нэлээд сайжруулж байна. Манай Улаанбаатар хотод бол зөвхөн Их дэлгүүр, 20,40 мянгатын орчимд ийм хонгилын сүлжээг эхлүүлсэн. Тэгвэл Бугат хотод хонгилын сүлжээг цогцолбороор нь хийж эхэлжээ. Эхний удаа хийж байгаа Чиншань замын 5.8 км хонгилыг бидэнд үзүүлэв. Цаашдаа нэмж арваад зурвас замын 11,5 км, найман замын 9,1 км хонгилын сүлжээ байгуулна. Ингэснээр Бугат хот бүхэлдээ 26,4 км хонгилтой болох аж. Ингэснээр манайх шиг зун намар болгон замаа задалж, шугам хоолой солих нэрээр хотын төвөө ундуй сундуй болгодог зуршлаас бүрэн сална. Энийг манай Улаанбаатар хотын удирдлагууд бүтээн байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаж аваасай.
Бидний аялал Хөх хотын Далан харын экологийн цогцолбортой танилцсанаар өндөрлөв. ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотыг Даланхар уулгүйгээр төсөөлөх аргагүй. Далан хар гэдэг нэрнээсээ ч далан өндөр оргилтой, далан энгэр салаатай, далан тэнгэр овоотой, далан нөмөр хормойтой, домогт их уул л санаанд буудаг. Энэхүү их уул дэлхийд хамгийн урт сунасан уул байж ч мэдэх. Баруунаасаа бараг Шинжаанаас эхэлж, зүүнтэйшийгээ Ганьсу муж хүрдэг гэж сонссон санагдана. Харин Далан хар уулын Хөх хоттой харалдаа хэсгийг эко цогцолбор болгон тохижуулж эхлээд удаагүй. 2012 оны эхээр ХКН-ын Төв хорооноос тохижуулах, ойжуулах төсөл эхлэжээ. Энэ төсөл ганц Хөх хотоор хягаарлагдахгүй юм байна. Баруунаас Устын зуу гэдэг газраас эхлээд зүүнш Мяньпү яогийн усанд хүрч, өмнөш Бээжин-Түвдийн хурдны замтай нийлж, умаршаа Далан харын Устын гуу, Шяожин болон Мяньпү яогийн гуу хүрэх аж. Дөрвөн зүг рүүгээ салаалсан том төсөл юм. Далан хар уулын урд хормойгоос дээд энгэрээ хүртэл бүрэн ойжуулжээ. Уг хормойн хэд хэдэн гүвгэр толгодыг аль 1950 оноос эхэлж, хятад даяар өрнөсөн албан журмын хөдөлмөрөөр моджуулах ажил эхэлжээ. Тэрхүү ой модны хөл дор олон хятад иргэний хөлс, цус, хүч, зүтгэл оршсон гэж бодохоор гайхмаар ч. Гайхалтай ч. Бид далан харын уулан дээр гараад бөгчим хотуудад нозоорч явснаа сэгсрэн хаях шиг болж билээ. Залуус маань үсэрч, харайж ч байх шиг...Уултай нутгийн хүн уулаа үзээд баясан хөөрдөг ажээ. Салхи савир ч үнэртээд, шивэр авир бороог ч мартам. Дээд хэсгийн өндөр хөх сүмийн барилга ч сэтгэлд нэн ойрхон. Далан харын энэ уул руу машин замаа дагуулаад явган зорчих шат, хашлага, зам ч хийчихэж. Үүгээр түүгээр гэр бүлээрээ болон ах дүүсээрээ, хамт олноороо явган алхаж яваа нь хүний эрүүл мэндэд тустайг бодолцсон мэт. Богд уул руугаа ингээд авирах нэгдсэн зам, хашлага хийчихвэл хотынхон маань хөгшин залуугүй л хөврөх мэт санагдав.
Энэхүү уулын өмнөхөн эртний монгол гэрүүд, хар сүлдэрхүү өндөр шон босгосон нь монгол ахуйг сануулна. Тэгэхнээ ноднин энд Монгол Хятадын анхны бизнес форумыг хийжээ. Тэгэхэд босгосон боловч одоо одоо бол олны амрах, хөлхөх дуртай жуулчны бааз болсон байна. Ингээд нэг юмнаас нөгөөг босгоод авдаг овсгоо ч эндээс харагдлаа. Юмхнаар юм хийдэг хятад хүний ажилсгынх юм уу?
Удахгүй Далан хар уулын энэхүү Хөх хоттой холбосон хэсэг газрыг сүм хийдийн соёл, хөдөө тосгоны үзмэртэй, морин тойруулга, гольфын талбай, зоо парк, хөл бөмбөгийн ордонтой болгож “Экологийн ХӨХ хот” гэж нэрлэхээр Хөх хотын захиргааныхан шамдаж байгаа ажээ.
ЭКО АЯЛАЛ буюу ИХ ХӨРШӨӨС ТҮҮСЭН БОДОЛ хэмээх таталбар
Далад хотын эргэн тойрон бол нэл цөл. Тэрхүү цөлийг анх ойжуулах гарааг ганцхан хятад хүн эхлүүлжээ. Ердөө л ганцхан хүний уйгагүй хөлсөө дуслуулж тарьсан ганц бургаснас өнөөдрийн ногоон хотын зүлэг, ногоо, цэцэрлэгт хүрээлэн, ногоон хэрэм үүссэн гэхэд итгэмээргүй. Гэвч үнэн юм...
Энэ хүн 36 насандаа эх оронч сэтгэлээр бсдыг уриалжээ. Эхлээд ганц ч хятад хүн хөдөлсөнгүй. Дарааха нь япон хөгшин хөдлөөд эхлэхээр дагаад л хөдөлгөөн өрнөжээ. Бас энэхүү хүний хөлөдмөр зүтгэлд урам нэмж, хань болж, арлын японы иргэн ч хөлсөө дуслуулжээ. Түүний хөдөлмөр зүтгэл, үлгэр дууриалыг хятадын таван үеийн удирдагч сайшаасан нь бас л “үлгэртэй”. Мао Цэ Дун , Дэн Сяо Пин, ...., Хуа Жиньто, Си Жиньпин нар уулзаж хүндэтгэл үзүүлж байсан зургууд, хэлсэн үг нь үүнийг батална. Тэрхүү япон өвгөний эдлэл хэрэглэлээр тусгай үзэсгэлэн байгуулсныг бидэнд үзүүллээ. Гар зээтүү, хүрз, малтуурын дунд морин хуур байгаа нь онцгой анхаарал татав.
ШӨНИЙН НИСЛЭГ буюу АВТОБУСНЫ ЦОНХООР ХАРСАН ХЯТАД хэмээх таталбар
Бээжингээс Ордос хот руу нисэхүй шөнийн нислэг таарав. Бээжинд бөгчимдүү шөнө эхлэв. Онгоц яагаад ч юмб, хөөрөх цагаасаа хоцроод, ямар ч тайлбар өгөлгүй хэсэг саатаадахлаа. Тэр үед ихэд чилээрхэв. Дэмий л зургийн аппаратаа ухаж, буулгасан зургуудаа жаахан шинжлээ. Голдуу автобусны цонхоор авсан хэдэн зургуудаас өөр шальтай сайхан зураг ховор. “АВТОБУСНЫ ЦОНХООР ХАРСАН ХЯТАД” гэсэн этгээд нэртэй сурвалжлагын санаа ч орж ирнэ. Авсан зургуудаа “чулуу” болгох эсэх нь миний л хэрэг. Гэхдээ халааслаад авчихсан жоор гэдэг хэзээ ч хэрэг болох нь бий. Ирээд үзэхүй тэмлэглэлийнхээ “таталбар” хэсэгт ашиглах түүхий эд мөн байна. Энд ...ЮМ БАЙНА ?
Бээжинг автобусны цонхоор ингэж л харлаа...
Бээжингийн шинэ хуучны ялгаа бараг арилжээ. Гэхдээ хуучны гудамжуудаа хэвээр нь хадгалахыг ихэд хичээж байна. Хааны хаалттай ордны нэгээхэн хэсэгт БНХАУ-ын одоогийн удирдагчид ажлаа хийсээр, амьдарсаар байна. Си даргын ордон тэр гэж хөтөч маань зааж өгснийг дурандаа буулгах гэж оролдлоо. Уг нь манай хэдэн дарга нар Их тэнгэр рүү давхиж байхаар Богд хааны ногоон ордноо засаж тохижуулаад дотор нь заларч яагаад болохгүй гэж ? Ядаж Ерөнхийлөгч нар маань тэнд байж болмоор ч шиг...
Алдарт Тэн Ань Миний талбайд ойртож ч чадсангүй. Орьё гэхүл, паспортоо үзүүлж, шалгуулж, очерлосоор / дугаарласаар/ хоёр гурван цаг ордог учир бидэнд тийм цаг олдсонгүй. Төв талбайгаа ингэж хамгаалалтдаа авсны учрыг энд өгүүлээд яахав. Ер нь ч бидэнд улаан тугтай талбай биш ногоон орчинтой хөгжлөө үзүүлж байгаа шүү дээ.
Бээжингийн гудамжаар цэргээр харгазуулсан формтой хүмүүс жагсаалаар явж, зүлэг, ногоо янзалж байгаа нь нэг бус харагдсан. Ямар нэг шийтгэлтэй хүнээ ч ногоон хөгжилд оролцуулж буйн жишээ. Яагаад болохгүй гэж ? Мөн хог тээврийн машинууд төрийнхөө улаан далбааг мандуулчихсан давхихтай ч хэдэнтээ тааралдсан. Энэ бол америк айл өрх, хүн бүр төрийнхөө алаг далбааг мандуулдаг, турк хүн гашуудлаа тайлах, баярлахдаа заавал төрийнхөө далбааг тагтан дээрээ өргөдөг, их британичууд хот, байшин бүхэндээ төрийнхөө далбааг дээдлэн залдаг зэрэгтэй ав адилхан төрийн хүндлэл юм шүү дээ. Төрөө хүндлэх ухааныг ч монголчууд эртнээс мэддэг л ард түмэн. “Төрийн сүлд өршөө...” гэж хэлдэг хүн дэлхийд тийм олонгүй байх аа. Төр, чөлөөт байдлаа зааглаж чадсан орон ч цөөхөн тааралддаг. Францад бол чөлөөт гудамж, талбай, музей, театр, цэцэрлэгт хүрээлэн олон мөртөө, тэрхүү уран барилгууддаа төрийн ажлаа хийж л байдаг. Гагцхүү төрийн байгууллага л улсынхаа далбааг мандуулснаараа эрс ялгардаг. Хэнд ч ойлгомжтойгоор харагддаг. Танигддаг. Төрийн яамд руу нь ороход уран барилга, урлагийн музейд орох шиг болдог. Түүх, соёлоо ингэж хамгаалдаг юм билээ. Ийм үзэгдэл европын хөгжингүй нэлээд оронд үзэгдэх юм билээ. ХБНГУ-ын нийслэл Берлин, Бельгийн нийслэл Брюселль, европын холбоо байрлах болсон Страсбург зэрэг хотод ийм донж төрхийг олоод харчихна шүү. Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд нар нь тусдаа иймэрхүү уран барилга дотроо ажлаа хийж, амьдрах юм билээ. Энэ нь цаанаа уран барилга, өв соёлоо хамгаалж буй хэрэг. Тэгвэл хятадын өнөөгийн удирдлага Хааны хотын нэг хэсэгтээ амьдарч, өв соёлоо хамгаалж байдаг болжээ.
/ ингээд албан тэмдэглэл төгсвэй.Цаашид хятадаас түүсэн тэмдэглэл үрглэлжлэх болой /
МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, МЗЭ-ийн шхааалт яруу найрагч ЖИГМЭДИЙН БАТСАЙХАН