“EURO -2020”-д Италийн баг ялагчаар тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН. /BBC/. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолтод Италийн шигшээ баг Английн багийг торгуулийн цохилтоор буулган авчээ. Лондоны “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод 67173 үзэгч хүрэлцэн ирсэн байна.
Тоглолтын үндсэн цаг 1:1 онооны харьцаатайгаар дуусжээ. Английн багаас Люк Шоу тоглолтын 2 дахь минутанд гоол оруулсан бол шилдэг тоглогчоор шалгарсан Италийн хөлбөмбөгчин Леонардо Бонуччи 67 дахь минутанд гоол оруулав. Нэмэлт цагт багууд гоол оруулаагүй юм. Харин цуврал торгуулийн цохилтоор 3:2 онооны харьцаагаар Италийн шигшээ баг илүүрхжээ.
Тийнхүү хоёр дахь удаагаа цуврал торгуулийн цохилтоор Европын аварга тодров. Өмнө нь 1976 онд Чехословакийн баг ХБНГУ-н багийг торгуулийн цохилтоор ялж байсан удаатай.
Английн багийн 55 жилийн дараа ялалтыг эргүүлэн авчрах мөрөөдөл нь биелсэнгүй. Тэдний хувьд 1966 онд байгуулсан ялалт нь хамгийн том амжилт хэвээр үлджээ. Харин Италийн шигшээ баг 53 жилийн дараа ийнхүү Европын аварга болж байна.