“Токио-2020”: 4х400 метрийн буухиа, жад шидэлт, хөлбөмбөг, марафон
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /CBS/. Токиогийн Олимпын наадмын 4х400 метрийн буухиа гүйлтийн тэмцээнд АНУ-ын баг алтан медаль хүртлээ. Ингэснээр Эллисон Феликс Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн Америкийн тамирчин боллоо.
Тэрбээр буухиа тэмцээний хоёрдугаарт гүйсэн бөгөөд багийнх нь амжилт түүнд Олимпын 11 дэх медалиа хүртэх боломжийг олгожээ.
Анх 2004 оны
Афины Олимпоос алтан медаль хүртэж байсан тэрбээр ийнхүү АНУ-ын тамирчин Карл
Льюисын амжилтыг эвджээ. Америкийн хөнгөн атлетикийн домог болсон К.Льюисын хувьд
Олимпоос 10 медаль хүртсэн юм.
Өдгөө 35 настай Э.Феликс
“Токио-2020” Олимпын наадмыг өөрийнхөө оролцож буй хамгийн сүүлийн наадам
гэдгийг мэдэгдсэн байна.
Мөн бямба
гарагт Энэтхэгийн 23 настай тамирчин Нираж Чопра эрэгтэйчүүдийн жад шидэлтийн
төрөлд 87.58 метрийн амжилт үзүүлснээр эх орондоо хөнгөн атлетикийн төрөлд
Олимпын анхны алтан медалийг авчирчээ.
Тэрбээр тэмцээний дараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ, өөрийнх нь хийгээд улсынх нь хувьд бахархам цаг мөч тохиож буйг онцлон тэмдэглэжээ.
Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Twitter” хуудсандаа, “Токиод түүх бичигдлээ” хэмээн
нийтэлсэн байна.
Бразилын хөлбөмбөгийн
шигшээ багийн хувьд Испанийн багийг 2:1 онооны харьцаагаар буулган авснаар эрэгтэйчүүдийн
хөлбөмбөгийн төрөлд хоёр Олимпын наадам дараалан алтан медаль хүртлээ.
Хоёрдугаар нэмэлт
цаг дуусахад 10 минут үлдээд байхад Бразилын багийн тамирчин Малком эсрэг багийн хаалганд
гоол оруулснаар бразилчууд 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын амжилтаа дахин давтжээ.
Ийнхүү Испанийн
шигшээ баг мөнгөн медаль хүртсэн бол Мексикийн баг Японы багийг илүүрхсэнээр хүрэл
медалийн болзол хангасан байна.
Мөн өнөө өглөө болсон
эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2 цаг 08 минут 38 секундэд барианд орсноор алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр
тэрбээр Олимпын наадмаас дөрөв дэх медалиа хүртэж байна.
Холын зайн гүйлтийн төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчдын нэг болох Э.Кипчоге нь марафон гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд 2016 оны Риогийн Олимпод мөн түрүүлсэн юм.
“Олимпын наадмын
марафон гүйлтийн төрөлд хоёр дахь удаагаа түрүүлсэндээ туйлын их баяртай байна”
гэж тэрбээр тэмцээний дараа сэтгүүлчдэд хэлжээ.
Харин Нидерландын
тамирчин Абди Нагиай 2:09:58
цагийн амжилтаар мөнгөн медаль, Бельгийн тамирчин Башир Абди 2:10:00 цагт барианд орсноор хүрэл медалийн
болзол тус тус хангажээ.
Э.Кипчогегийн
хувьд Токиогийн Олимпын дөрөв дэх алтан медалийг эх орондоо ийнхүү авчирсан
бөгөөд тус улс энэ удаагийн зуны Олимпоос нийт 10 медаль хүртээд байна.