Францын эдийн засгийн өсөлт оны эцэс гэхэд цар тахлын өмнөх түвшиндээ хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-08-24 13:09:13

ПАРИС. /France24/. Францад коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буйг үл харгалзан хэрэглээний зардал өсөж байгаатай холбоотойгоор эдийн засаг сайжирч байна гэж тус улсын Сангийн сайд Бруно Ле Мэр даваа гарагт мэдээлжээ.


France 2” телевизэд Б.Мэр, "Францын эдийн засгийн өсөлтийг энэ оны эцэс гэхэд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн хүргэх зорилт тавиад байна" хэмээн мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Францын эдийн засаг наймдугаар сарын эхний хагаст өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар өсжээ. Түүнчлэн Засгийн газар 2021 онд өсөлтийг зургаан хувьд хүргэх зорилт тавиад буйг давтан мэдэгджээ.


Наймдугаар сард Францын зоогийн газруудын бизнесийн үйл ажиллагаа сайжирсан нь олон нийт эрүүл мэндийн гэрчилгээнд “сайтар дасан зохицож буйн” баталгаа болж байгааг тэрбээр дурджээ. Засгийн газар ийм гэрчилгээг кафе, зоогийн газраар үйлчлүүлэхдээ заавал үзүүлэхийг шаардсан нь “COVID-19”-ийн вакцинжуулалтыг шүүмжилж буй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.


Өнгөрсөн онд цар тахал эдийн засагт ихээхэн сөрөг үр дагаврыг учруулсантай холбоотойгоор Францын эдийн засаг найман хувиар агшсан нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн сул үзүүлэлт болсон билээ. 

関連ニュース