Дорнодын хүүхэд багачууд энэ жилээс олимпийн теаквондогийн спортоор идэвхтэй хичээллэж байна.

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2021-08-25 13:48:08

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хүүхэд багачууд энэ жилээс олимпийн теаквондогийн спортоор идэвхтэй хичээллэж байна. Таеквондогийн төрөлд Дорнодын тамирчид улсад өнгөлдөг хэдий ч сүүлийн 10-аад жилд энэ спорт зогсонги байдалд ороод байсан гэхэд болно. Харин энэ оны эхээр "Хан Оргил Соёлз" таеквондо хөгжлийн төв үүдээ нээж, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг шаардлага хангасан тохь тухтай орчинд зөв боловсон өнгөрүүлэх, спортод дуртай, амьдралын зөв хэв маягтай хүн болгон төлөвшүүлэх, хүмүүжилд нь зөвөөр үлгэрлэх, ирээдүйд таеквондогийн спортын шилдэг тамирчид бэлтгэн гаргах зорилгоор үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа юм. "Хан Оргил Соёлз" таеквондо хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч, багш дасгалжуулагч, спортын мастер Н.Наранцогтын хувьд Дорнод аймагт энэхүү спорт амжилттай хөгжих эхлэлийг тавьсан анхдагчдын нэг. 

Цар тахлын үе ч гэлээ тус төвд бага болон өсвөр насны 100 гаруй хүүхэд халдвар хамгааллын нарийн дэглэмийг баримтлан хичээллэж байна. Өнгөрсөн зургадугаар сард суралцагч тамирчдаасаа бүсний зэргийн шалгалт авч, шар бүсийг нь гардуулсан бол өнөөдөр анхан болон дунд, ахисан түвшний сургалтад амжилттай хамрагдаж, болзол хангасан тамирчиддаа шар, ногоон, хөх, улаан бүсний батламжийг нь гардууллаа. Тус төвийн шилдэг тамирчид удахгүй болох БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит "Элчингийн цом 2021" таеквондо, пүмсэ онлайн тэмцээнд оролцохоор эрчимжүүлсэн бэлтгэл хийж байна гэж дасгалжуулагч багш Н.Наранцогт ярив.