АНУ Украинд гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Экспорт-Импортын банк (Эксимбанк) харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа Украинд гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Энэ тухай Вашингтоны засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тус улсад айлчилж буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын лхагва гарагт товлосон уулзалтын талаар хийсэн тусгай хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“Эдийн засгийн хувьд бид энэ айлчлалыг бат бэх эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэхэд ашиглана. Манай улсууд арилжааны хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлыг дуусгах бөгөөд Экспорт-Импортын банк болон Украины Эдийн засгийн хөгжил, худалдаа, хөдөө аж ахуйн яамны хооронд Эксимбанкны анхны дэмжлэг болох гурван тэрбум ам.долларын санамж бичигт гарын үсэг зурна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Эксимбанк нь үндэсний бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн Засгийн газрын тусгай байгууллага юм. АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны үед (1993-2001 онд) Эксимбанк ОХУ-д нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ.