Япон улс Курилийн арлуудад эдийн засгийн онцгой бүс байгуулахыг эсэргүүцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /RT/. Курилийн арлуудад эдийн засгийн онцгой бүс байгуулах Москвагийн төлөвлөгөө Токиогийн байр суурьтай нийцэхгүй байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, нутаг дэвсгэрийнхээ эдийн засгийг хөгжүүлэх талаар Япон болон гадаадын компаниудад хандсан уриалга нь Кунашир, Итуруп, Шикотан, Хабомай арлуудад эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах талаар хүрсэн хоёр улсын удирдагчдын хэлэлцээртэй зөрчилдөж байна.
Тэрбээр үүсээд буй нөхцөл байдалд "маш их харамсаж байгаагаа" тэмдэглээд үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гарагт Японы талаас Оросын талд эсэргүүцлээ илэрхийлсэн гэдгийг мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ, бизнес эрхлэгчдэд зориулж, Курилийн арлуудад урьд өмнө байгаагүй татварын онцгой журам нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.