Канад вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-07 14:16:51

ОТТАВА. /CBC/. Канадын эрх баригчид есдүгээр сарын 7-ны мягмар гаргаас эхлэн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээжээ.


Канадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, зөвхөн “Pfizer”, “Moderna”, “Johnson&Johnson”, “AstraZeneca” компаниудын вакцины хоёр тунг ирэхээсээ дор хаяж 14 хоногийн өмнө хийлгэсэн иргэд тус улсад нэвтэрч болно. Үүнээс гадна, жуулчид ирэхээсээ 72 цагийн өмнө PCR-ын шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан байх ёстой бөгөөд аялагчдад зориулсан тусгай программд бүртгүүлэх ёстой байна. 


Вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэд 14 хоногийн тусгаарлалтын дэглэм мөрдөх шаардлагагүй бөгөөд харин вакцинд хамрагдаагүй канадчуудыг эх орондоо ирэхэд нь тусгаарлах аж.


Дээрх шийдвэр Энэтхэг, Мароккогийн зорчигчдод хараахан хамаарахгүй байна. Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Канадын эрх баригчид эдгээр улстай шууд нислэгээ есдүгээр сарын 21, 29 -ний өдрийг хүртэл хаажээ. Гэхдээ эдгээр улсын иргэд дээр дурдсан вакцинуудын хоёр тунд бүрэн хамрагдсан гэрчилгээтэй, мөн Энэтхэг эсвэл Мароккод хийлгээгүй PCR-ын шинжилгээтэй бол гуравдагч орноор дамжин Канад руу нисэх боломжтой байна.


Канадын эрх баригчид вакцинд бүрэн хамрагдсан америкчуудад наймдугаар сарын 9-нөөс хилээ нээжээ. Үүнээс гадна, энэ өдрөөс Канадын олон улсын томоохон нисэх онгоцны буудлууд бүгд нээгдсэн юм. Өмнө нь олон улсын нислэгийг зөвхөн Ванкувер, Калгари, Монреаль, Торонто хотуудаас үйлдэж байжээ.


関連ニュース