Баян-Өлгий аймаг төмсний хэрэгцээнийхээ 85 хувийг дотооддоо хангана
ФОТО МЭДЭЭ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгийн ЗДТГ,
Мэргэжлийн хяналтын газар, Өлгий сумын захиргаа, "АДРА-Монгол" Олон улсын
байгууллага, ХАҮТ-ын Баян-Өлгий аймаг дахь салбар танхимтай хамтран "Намрын
ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааг Өлгий хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион
байгуулж байна.
Тус ажил нь тариаланч,
малчдын үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг сурталчлах, борлуулахад дэмжлэг
үзүүлэх, аймгийн төвийн иргэдийг хямд, чанартай бүтээгдэхүүнээр хангах
зорилготой.
Үзэсгэлэн
худалдаанд тус аймгийн 13 сумын газар тариалан, фермерийн аж ахуй эрхлэгчид, малчид оролцож өөрсдийн тариалсан
төмс, хүнсний ногоо, чацаргана болон цагаан идээ, зөгийн бал, бусад боловсруулсан
бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна.
Түүнчлэн "АДРА Монгол" Олон улсын байгууллага "Өрхийн газар тариаланг дэмжих төсөл"-ийг Баян-Өлгий аймагт 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Уг төсөлд энэ жил 480 өрхийг хамруулж, өрхийн хэрэгцээнд зориулан хүнсний ногоо тариалахад дэмжлэг үзүүлж байна. Тухайн өрхүүд ч энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хашаандаа тарьж ургуулсан төмс, хүнсний ногооныхоо дээжийг авч ирж танилцууллаа.
Тус аймгийн тариаланчид өнгөрсөн хавар нийт 322,4 га-д төмс, 143,4 га-д хүнсний ногоо, 97,5 га-д жимс, жимсгэнэ тариалсан. Одоогийн байдлаар ургац хураалтын ажил 80 хувьтай явж байгаа. Энэ онд аймгийн төмсний хэрэгцээний 85, хүнсний ногооны 25, жимс, жимсгэнийн 1,5 хувийг тус тус дотооддоо хангах боломж бүрдэж байна гэдгийг ХХААГ-ын мэргэжилтэн Х.Бахыт онцоллоо.











