Сальвадорт галт уулын эрчим хүчээр биткойн олборлож эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
САН САЛЬВАДОР. /Reuters/. Сальвадор улсын эрх баригчид галт уулын бэлд биткойны “уурхай” ажиллуулж эхэлжээ.
Биткоин олборлох тоног төхөөрөмжийг геотермаль буюу дэлхийн гүнээс ялгарч байгаа дулааны энергийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцад холбосон байна. Олборлолтын ийм арга нь одоогийн байдлаар хамгийн хямд бөгөөд байгаль орчинд ээлтэйд тооцогдож байгаа юм.
Сальвадор өмнө нь биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон юм.
Тус улсын Ерөнхийлөгч Найиб Букеле олборлолтын шинэ “уурхайн” дүрс бичлэгийг твиттер хуудсандаа нийтэлжээ. "Эхний алхмууд" гэж тэрбээр бичээд, #Bitcoin хаштагийг нэмж оруулсан байна.
Сальвадорын Засгийн газар биткойнд 21 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Үүнээс өмнө тус улсын цорын ганц валют нь ам.доллар байжээ.
Түүгээр барахгүй тус улсад криптовалютын “АТМ” –үүд тавьсан боловч хэт ачааллаас болж хэсэг хугацаанд унтраах шаардлагатай болжээ. Үүний зэрэгцээ Сальвадор дахь “McDonald's”, “Starbucks”, “Pizza Hut”-ын сүлжээнүүд захиалгын төлбөрийг криптовалютаар хийж эхэлсэн байна.