Нью-Йорк дахь Жорж Флойдын хөшөөг сүйтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /NBC/. АНУ-ын Нью-Йорк хотын “Union Square”-д Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэн дөрөв хоногийн өмнө байрлуулсан хөшөөг ням гарагт сүйтгэсэн талаар тус хотын Цагдаагийн газраас мэдээлжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, хөшөөг ням гаргийн өглөөний 10 цаг 15 минутын орчимд сүйтгэсэн болохыг тогтоосон байна.
"Мөрдөн байцаалтын явцад үл таних хүн хөшөөний нүүр болон суурин хэсэг рүү саарал будаг цацсан. Одоогоор сэжигтнийг баривчлаагүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна" гэж тус хотын Цагдаагийн газраас “Insider”-д өгсөн мэдээлэлд дурджээ.
“WNBC” телевизийн мэдээлснээр, пүрэв гарагт болсон "SEEINJUSTICE" үзэсгэлэнгийн хүрээнд уг хөшөөг байрлуулсны зэрэгцээ гэртээ байхдаа цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьст эмэгтэй Бреонна Тейлор болон Конгрессын гишүүн Жон Льюис нарын хөшөөг мөн байрлуулжээ.
Эргэн сануулахад, АНУ-ын Миннеаполис хотын иргэн Жорж Флойд өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд цагаан арьст цагдаа Дерек Шовин түүнийг баривчлах үедээ боох арга хэрэглэсний улмаас амиа алдсан юм.
Түүнчлэн Африк-Америк гаралтай, 26 настай Б.Тейлор өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-нд мансууруулах бодисын нэгжлэгийн үеэр цагдаа нарт таван удаа буудуулсны улмаас гэртээ амь насаа алджээ.
Тэдний үхлийн дараа АНУ даяар олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдсэн билээ.
Хөшөөг бүтээсэн уран бүтээлч Крис Карнабучи “CNN”-д өгсөн ярилцлагадаа, хөшөөг сүйтгэсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн хөшөөг иргэд сайн дураараа цэвэрлэж байгаа талаар “CNN” телевиз мэдээлжээ.
Энэ нь Ж.Флойдын хөшөө, цээж баримлыг сүйтгэсэн анхны тохиолдол биш бөгөөд дөрөвдүгээр сард Техас муж улсын Хьюстон хот дахь Ж.Флойдын хөшөөг хар өнгөөр будаж, сүйтгэсэн байна.