“Ford Motor” компанийн автомашины борлуулалт АНУ-д буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани энэ оны есдүгээр сард АНУ-д нийт 156614 автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан үзүүлэлт боловч өмнөх сарынхаас 34.3 хувиар өссөн гэж тус компани цахим хуудсандаа даваа гарагт мэдээлжээ.
Тодруулбал, мөн хугацаанд 83554 ачааны машин зарсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.6 хувиар буурсан үзүүлэлт бол 70260 жийп машин зарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн 2800 суудлын автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80.3 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
Энэ сарын байдлаар “Ford Motor” компанийн
нийт хувьцаа 236000 ширхэг болж, өнгөрсөн сарын эхэн үетэй харьцуулахад 21000-аар
нэмэгджээ.
Дэлхий даяар хагас дамжуулагчийн хомсдол үүссэнтэй холбогдуулан “Ford Motor” компани энэ оны гуравдугаар улиралд 400000 орчим автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Үүний зэрэгцээ тус компани энэ оны эхний гурван улиралд АНУ-д 1.4 сая орчим шинэ автомашин зарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 орчим хувиар буурсан үзүүлэлт болжээ.