Цөмийн эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэхийг ЕХ-ны 10 улс дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /TASS/. Европын Холбооны (ЕХ) гишүүн арван улсын Засгийн газрын төлөөлөгчид Европын хэрэглэгчдийг үнийн хэлбэлзлээс хамгаалахын тулд цөмийн эрчим хүчний хэрэглээг идэвхжүүлэх нь чухал гэж үзэж байна. Энэ тухайгаа сайд нар "Le Figaro" сонины цахим хуудас болон бусад хэвлэлд даваа гарагт нийтлүүлсэн хамтарсан нийтлэлдээ дурджээ.
Францын талаас уг нийтлэлд Эдийн засаг, санхүү, сэргээн босголтын сайд Бруно Ле Мэйр болон тус яамны аж үйлдвэрийн сайд-төлөөлөгч Агнес Панньер-Рюначе нар гарын үсэг зуржээ. Мөн Румын, Чех, Финланд, Словак, Хорват, Словени, Болгар, Польш, Унгарын Ерөнхий сайд, Эдийн засгийн болон Эрчим хүчний сайд нар гарын үсэг зурсан байна.
Тэд цөмийн эрчим хүч нь Европын хэрэглэгчдийг "одоогоор хийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажиглагдаж байгаа" эрчим хүчний үнийн тогтворгүй байдлаас хамгаална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. "Эрчим хүчний үнийн өсөлт нь гадаад орнуудаас эрчим хүчний хараат байдлаа аль болох хурдан багасгах нь бидний хувьд ямар чухал болохыг харуулж байна. Эрчим хүчний хангамжтай холбоотой хурцадмал байдал цаашид улам бүр нэмэгдэх нь ойлгомжтой. Европын бус эрчим хүчний импортыг нэмэгдүүлэхгүйг хичээж, нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхээс өөр сонголт бидэнд байхгүй " гэж нийтлэлд онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн “цөмийн энерги нь уур амьсгалыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа болохыг тэмдэглэсэн байна. "Одоогийн байдлаар цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй Европын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн тэн хагасыг эзэлж байна" гэж нийтлэлд дурджээ.