ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-14 12:34:21

МОСКВА. /RT/. ОХУ-аас Европ болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлж буй нүүрсний хэмжээ 2020 оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар нэмэгдсэн байна.


Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Н. Шульгинов “Россия 24” сувагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ. Хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй эрчим хүчний хямралын улмаас дэлхийн зах зээлд нүүрсний эрэлт өндөр хэвээр байгаа тэрбээр онцолсон байна. Үүний улмаас компаниуд нефть, нүүрс зэрэг эрчим хүчний бусад эх үүсвэр лүү шилжиж эхэлжээ.  


Өмнө нь Хятад улс хойд мужуудынхаа өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас авдаг нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн юм.


Есдүгээр сард Хятадын нүүрсний импорт 76 хувиар өссөн байна. Энэ нь дотоодын нүүрсний үнийг түүхэн дээд хэмжээнд хүргэж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн бизнесийн үйл ажиллагааг тасалдуулж буй эрчим хүчний хомсдолоос ангижрахын тулд тус улсын цахилгаан станцуудад түлшний эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой байна.  Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний фьючерс үнэ даваа гарагт нэг тонн нь 3771 юаньд болж, дээд үзүүлэлтэд хүрчээ.  өмнөх дээд үзүүлэлтийг есдүгээр сард тогтоосон бөгөөд нэг тонн нь 3071.5 юаньд хүрсэн байна. 


“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, ойрын хэдэн улиралд нүүрс хийнээс илүү эрэлттэй түлш хэвээр байх төлөвтэй байна.


Газрын тос, байгалийн шингэрүүлсэн хий, нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор Японд цахилгаан эрчим хүчний үнэ есөн сарын дээд түвшинд хүрчээ. 


Үүний зэрэгцээ шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгч дэлхийн томоохон улс болох Катарын эрх баригчид үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрч, түлш илүү үйлдвэрлэх боломжгүй болсныг мэдэгдсэн байна. 


関連ニュース