Оросын баг “Dota 2”- ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-10-18 16:08:38

БУХАРЕСТ. /TASS/. Цахим спортын түүхэн дэх хамгийн том тэмцээнүүдийн нэг болох “The International” буюу "Dota 2"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын “Team Spirit” баг түрүүллээ.


Тэмцээн Румын улсын нийслэл Бухарест хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болжээ.  


40 сая ам.доллар буюу цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд 18 баг орсноос Хятадын “PSG LGD” Оросын "Team Spirit" багууд тунан үлдсэн байна.


Yatoro буюу Илля Мулярчук /Украин/,  TORONTOTOKYO буюу Александер Кертек /Орос/,  Collapse буюу Магомед Халилов /Орос/, Mira буюу Мирослав Колпаков /Украин/, Miposhka буюу Ярослав Найденов /Орос/ нар түнш нь Францын хөл бөмбөгийн “Пари Сен -Жермен” клуб болох Хятадын “PSG LGD” багийг 3-2 онооны харьцаагаар хожжээ.


Оросын хоёр баг түүхэндээ анх удаа “The International” тэмцээний шилдэг зургаан багт шалгарчээ. “Virtus Pro” баг тэмцээний зургаадугаар байрт орж 1.4 сая долларын эзэд болсон байна. “Team Spirit” баг уг тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд тэмцээнд түрүүлсэн Оросын анхны баг болжээ.


“The International” тэмцээнийг 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2020 онд коронавирусний цар тахлын улмаас цуцлагдсан байна. Энэ жил тэмцээнийг Шведийн Стокхолм  хотоос Румыний Бухарест хот руу шилжүүлж, үзэгчгүй зохион байгуулжээ. “Team Spirit” баг 18.2 сая ам.доллар, “PSG LGD” 5.2 сая ам.доллар авсан байна. 


関連ニュース