Европт хийн үнэ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-29 14:58:56

БРЮССЕЛЬ. /Euronews/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром” компанийн төлөөлөгчидтэй уулзсаны дараа Европт хийн үнэ буурчээ.


Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч төрийн өмчит байгалийн хийн компанид Европын Холбоо /ЕХ/ руу нийлүүлэлтээ нэмэгдүүлэх чиглэл өгсний дараа үнэ ийнхүү буурсан байна.


Эдийн засаг цар тахлын үр дагавраас сэргэж эхэлснээс улбаалан эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн хэдэн долоо хоногт Европт хийн үнэ огцом өсөөд байсан юм.


Лхагва гарагт В.Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллерт ЕХ-н дахь компанийн хадгалах байгууламжууд руу хий шахаж эхлэхийг үүрэг болгосон байна.


“Ингэснээр гэрээгээр хүлээсэн үүргээ найдвартай, тогтвортой, тууштай биелүүлж, намар, өвлийн улиралд Европын түншүүдээ хийгээр хангах боломж бүрдэнэ” гэдгийг В.Путин онцлон хэлжээ. 

関連ニュース