АНУ, ЕХ ган, хөнгөн цагааны гаалийн тарифын үйлчлэлийг зогсоохоор тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
РОМ. /TASS/. Европын холбоо /ЕХ/ болон АНУ ган, хөнгөн цагааны гаалийн тарифын үйлчлэлийг зогсоох тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Ромд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.
Тэрбээр твиттер хуудсандаа, “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бид хоёр ган, хөнгөн цагаанд ногдуулсан тарифын үйлчлэлийг зогсоож, гангийн асуудлаар дэлхийн түвшний шинэ хэлэлцээр байуулах талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ” гэж мэдээлжээ. 2018 онд Дональд Трампын засаг захиргааны үед ЕХ болон АНУ ган, хөнгөн цагаанд харилцан гаалийн тариф тогтоосон нь Брюссель, Вашингтоны хооронд худалдааны сөргөлдөөний эхлэлийг тавьсан юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдсэнээр, энэхүү санаачилга нь "дэлхийн хамгийн сайн чанарын ган үйлдвэрлэдэг АНУ-ын хөнгөн цагаан, гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой". Мөн АНУ, ЕХ-ны зах зээлд “Хятад гэх мэт улс орнуудаас бохир ган” орж ирэхийг хязгаарлана. Үүнээс гадна, АНУ, ЕХ-ны зах зээлд "ган хаяж", "ажилчид, аж үйлдвэр, байгаль орчинд" хохирол учруулж буй улс орнуудтай тэмцэхэд тус болно.
ЕХ болон АНУ төмөрлөгийн үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эдгээр металлын үйлдвэрлэлийг дэлхий даяар хязгаарлахад чиглэсэн ган, хөнгөн цагааны тогтвортой үйлдвэрлэлийн тухай дэлхийн хэмжээнийн хэлэлцээр байгуулах санаачилга гаргалаа гэж фон дер Ляйен мэдэгджээ.